Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Вьетнамын компани АНУ дахь үйлдвэрийнхээ шавыг тавилаа || DNN.mn

Төслийн нээлтийн үеэр VinFast компанийн дэд ерөнхийлөгч, хатагтай Ли Ти Ту Туй, Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер нар

Вьетнамын VinFast компани АНУ-д байгуулах цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийнхээ шавийг өчигдөр Умард Каролина мужийн нутагт тавьжээ.

Тус компанийн үйлдвэр мужийн төв Ралей хотоос баруун өмнө зүгт Чатэм дүүргийн нутагт байгуулагдахаар болсон байна.

Үйлдвэр 2024 онд нээгдэж, 2027 он гэхэд 7,500 ажилчинтай болохоор төлөвлөснийг АНУ-ын худалдааны яам мэдээлжээ.

Ажилчдынх нь дундаж цалин жилийн $51,000 байх гэнэ.

“VinFast-ийн хувьсгал хийх төсөл манай мужид олон ажлын байр бий болгохоос гадна цахилгаан автомашины тоог нэмэгдүүлж, хүлэмжийн хийг бууруулах ач холбогдолтой юм” гэж Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер мэдэгджээ.

Үйлдвэрийг 800 гектар талбайд $4 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулах юм байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 150,000 автомашин үйлдвэрлэх юм.

Хэрвээ VinFast ажлын байр, хөрөнгө оруулалтынхаа зорилтыг биелүүлбэл Умард Каролина муж 32 жилийн хугацаанд $316 саяын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын худалдааны яамны мэдээлснээр VinFast үйлдвэр байгуулах газраа тус улсын 12 мужийн нутгаас хайж, судалсны эцэст Умард Каролинаг сонгосон гэнэ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Умард Каролина муж хэд хэдэн том компанийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан амжилттай байна.

Тухайлбал Apple компани зүүн эргийн анхны судалгааны төвөө тус мужид байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зарласан юм.

Уг төв нь ирэх арван жилийн хугацаанд 3,000 ажлын байр бий болгох юм байна.

Тоёота компани батарейн шинэ үйлдвэрээ Умард Каролинагийн Гринсборогийн ойролцоо байгуулах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарлаж байв. Уг үйлдвэрт $1.3 тэрбумын хөрөнгө оруулж, 1,750 ажлын байр бий болгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *