Түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж буй ч үр дүн муутай байна. Энэ нь иргэдийн халаасыг хоосолж, ачилтын компаниудын ашиг, орлогыг нэмэгдүүлсэн үү гэхээс гол асуудлаа шийдэлгүй өдийг хүрэв.
Хотын дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана” гэж мэдэгдсэн. Төд удалгүй автомашин ачилтын төлбөрийг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэх санал гаргасан нь иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляцид дарлуулж буй иргэд дээрх судалгааг сонсоод хэсэгтээ “шок”-нд орсноо ярьж байв. Гэсэн ч хотын дарга дээрх тогтоолын төслийг НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн мэдүүлж, асуудлыг гуравдугаар сарын 24-нд хэлэлцжээ.
Улмаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонх авто зогсоол, машин ачилтын төлбөр нэмэх заалтыг дэмжээгүй байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хоёрдугаар сард захиалгаар хийлгүүлсэн судалгаанд “Ямар арга хэмжээ авбал түгжрэл буурах вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 73 хувь нь ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол жолооч нар дуртай газраа машинаа орхиж явахгүй” гэж хариулжээ. Бүр 84 хувь нь 150 мянган төгрөг болгохыг дэмжсэн гэх.
Одоо мөрдөж байгаа ачилтын 60 мянгын төлбөрийг судалгаанд оролцсон иргэдийн 13 хувь нь өндөр гэж үзжээ. Гэхдээ уг судалгаа олон нийтийг бүрэн хамарсан уу гэвэл үгүй. Тэр тусмаа үнийн өсөлт, эдийн засгийн хямралд “дарлуулж” буй иргэд ийм санал гаргасан гэдэг нь ч эргэлзээ дагуулж байв. Тухайн үед нийслэлийн хэвлэлийн албанаас “Ачилтын төлбөр нэмэх нь иргэдээс ирсэн санал болохыг тодотгоод, ачилтын төлбөрийг нэмэх шийдвэр батлагдаагүй” гэх мэдээлэл өгч байлаа.
Нийслэлийн хэмжээнд 632 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог. Гэтэл нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч ойр орчмынх нь байгууллагын ажилчдын машин зогсоод таардаг. Сүүлийн ганц арга нь хүссэн, хүсээгүй нэгдүгээр эгнээнд автомашинаа тавих. Өнөөдрийн байдлаар автомашин ачилтын төрийн өмчит компани 1, хувийн хэвшлийн 13 компани ажиллаж байна. Харин олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 бий. Зогсоолоо нэмэхгүй байж төлбөр нэмнэ гэж ард түмнээ дарамтлах нь хэрээс хэтэрч буйг жолооч нар хэлж байгаа юм.