Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Батболд: Үнэндээ аав минь “Чадахгүй бол урлагаас холд” гэж байсан л даа || DNN.mn

“Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Батболдтой ярилцлаа.


-“Мөнгөн мод”-2021 наадмын шилдэг найруулагчаар шалгарсан танд баяр хүргэе.

-Баярлалаа, “Мөнгөн мод” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна, урам зориг, хүч өглөө. Энэ шагналд нэр дэвшинэ гэдэг нь нэр хүндтэй асуудал, шалгарсан гэдгээ мэдээгүй байлаа. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан.

-“Гэм зэм” постдрамын жүжиг хоёр дахь ээлж нь тоглож дууслаа. Та өөрийн бодож, төлөвлөж, төсөөлж байсан шигээ ажиллаж чадав уу?

-“Гэм зэм” миний тархинд ургаснаасаа ч илүү байлаа. Тайзан дээр миний төсөөлөл, хүлээлтийг давж байна.

-Эхний өдөрт жүжгээ үзэхэд ямар байсан бэ?

-Эхний тоглолтууд тэр чигтээ түгшүүр, айдас, бие, сэтгэлээ барьж ядаастай байсан. Дараагийн тоглолтуудаас сайжирч эхэлсэн.

-Эхний үзэгчид танд ямар сэтгэгдэл хэлж байв?

-Эхний тоглолтоос эхлээд л үзэгчид “Сайн болсон, сайхан байсан, үнэхээр гоё байлаа, бага зэргийн урт байна” гэж хэлсэн. Тоглолтоос тоглолтын явц дахь ритм шахагдаж, хурдаа нэмсэн. Ингэснээр жүжиг хурдтай, илүү сонирхолтой болсон.

-Таны аав Ардын жүжигчин Б.Мягмарнаранг ард түмэн андахгүй. Жүжгийг тань үзээд юу гэж хэлсэн бэ?

-Аавд их таалагдсан. Жүжигчидтэй ажиллах ажиллагаан дээр хэд хэдэн анхааруулга өгсөн. Тэдгээр анхааруулгуудыг зассанаар аавын зөвлөгөө хамгийн оновчтой байсан гэдэг нь шууд харагдсан.

-Яагаад “Гэм зэм” романыг жүжиг болгож тавьсан юм?

-Олон нөхцөл, шалтгаанууд бий. Нэгдүгээрт, би өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй, “Гэм зэм” сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан роман. Хоёдугаарт, Ф.М Достоевский мэндэлсний 200 жилийн ой, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү бүтээлийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс дэмжиж, хамтарч театр байгуулж жүжгийг тавилаа. Ф.М.Достоевскийн бүтээл Монголд анх удаа тавигдаж байна.

-Монгол үзэгчдийг хүлээж авч чадахгүй байхвий гэх айдас байсан уу?

-Анх “Фауст”-ыг тавьж байхад монгол үзэгчид шинэ театрыг хүлээж авч, ойлгох болов уу гэсэн айдас байсан л даа. Харин тэр айдсыг давж, үзэгчид маш хүчтэй хүлээж авсан. Тэр нь надад их урам зориг өгсөн.

-Сэтгэцийн эмч мэргэжлийнхээ үр шимийг өөр дээрээ яаж мэдрэв?

-Алхам тутамдаа үр шимийг нь мэдэрдэг. Хүмүүстэй харилцах, ойлголцох гээд өдөр тутам, цаг тутамд мэргэжил маань надад тусалдаг. Би өөрийгөө таньж мэдэх, ухаж ойлгох, өөртэйгөө ажиллахад хэрэг болдог.

-Яагаад сэтгэцийн эмчийн ажлаа орхиж урлаг руу орохоор болов?

-Дуртай л байхгүй юу, багаасаа театрт дурлачихсан. “Насан туршдаа харамсахгүйгээр хийх, хүссэн ажил маань юу байж болох вэ” гэж өөрөөсөө асуугаад хариулт нь яалт ч үгүй театр байсан.

-Таныг эмчийн ажлаа орхиход гэр бүлийнхэн нь юу гэж байсан бэ, ялангуяа аав нь?

-Маш их загнасан, уурлаж эсэргүүцсэн. Одоо л хүлээн зөвшөөрч байна. Аав огт дэмжээгүй “Би чамайг дэмжихгүй, урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Чи өөрөө өөрийнхөө хүчээр гарч ирж чадвал чад, чадахгүй бол тэр чигээрээ урлагаас холд” гэж хэлсэн. Яг үнэндээ ямар ч дэмжлэггүй, өөрийнхөө хүчээр зүтгэсэн дээ.

-“Гэм зэм” романыг тайзнаа тавихын хамгийн гол зорилго юу вэ?

-Энэ агуу зохиол, агуу философийг олон залууст хүргэхийг хүссэн. Орчин үеийн театр олон хүмүүсийг өөрчлөх зорилготой.

-“Гэм зэм”-ээс хүмүүс юуг ойлгож авах вэ?

-Хүмүүс нигүүлсэнгүй сэтгэл, нигүүлсэл гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой.

-Тэгвэл нигүүлсэл гэж юу юм бэ?

-Ерөөсөө л хайр, хайр байж нигүүлсэл байна. Хайр, нигүүлсэл хоёр байж хүн аз жаргалтай амьдарна. Хэцүү бүхнийг даван туулах цорын ганц зүйл бол хайр, нигүүлсэл юм.

-Анх “Гэм зэм”-ийг хэзээ уншиж байв?

-Сурагч байхдаа уншсан ч ойлгоогүй (инээв).

-Зохиолтойгоо хэрхэн ажилладаг вэ?

-Маш их судална. Зохиол судлахад сэтгэцийн эмч мэргэжил маань их хэрэг болдог. Зохиолыг ул үндэстэй, гүнзгий судалж чаддаг гэж өөрийгөө тоодог.

-Дараагийн зорилго ямар жүжиг вэ?

-“Мастер Маргарита хоёр” есдүгээр сарын аравдаар тавигдаж эхэлнэ, судалгааны үе шатандаа явж байна. Нэг жүжгийг тавихад жүжигчидтэйгээ зургаан сар ажилладаг.

-Тэгвэл таны толилуулах мөрөөдлийн жүжиг юу вэ?

-Уильям Шекспир.

-Мөрөөдөл, зорилго хоёр хэр ойр орших уу, таны?

-Миний зорилго, мөрөөдөл хоёр хол биш, ойр биш, нэг.

-Одоо бодоход сэтгэцийн эмч, найруулагч хоёр хол ялгаатай юм байна уу?

-Ялгаагүй юм байна. Сэтгэцийн эмч хүнийг нэг нэгээр нь эмчилдэг бол найруулагч заалаар нь нөлөөлж, эмчилж, ажилладаг юм байна.

-Сэтгэцийн эмч биш бол…

-Сэтгэцийн эмч болоогүй бол сайн найруулагч болж чадахгүй байсан байх.

-Сайн найруулагч бэлтгэхэд юу чухал юм бол?

-Маш их судалгаа, хөдөлмөр, хичээл зүтгэл, сургалт, өгөгдөл бүх юм чухал.

-Таны хувьд Монголд хамгийн сайн найруулагч хэн байна?

-Гүрсэдийн Доржсамбуу гуай болон олон сайн найруулагч байна даа.

-Таны бодлоор Монголын театрын хөгжил хэр түвшинд явж байна?

-Монголын театр маш хоцрогдмол түвшинд явж байна. Өөрийгөө үүнийг арилгахын төлөө тэмцэж байгаа гэж ойлгодог.

-Театрын хөгжлийг ахиулах, урагшлуулахын тулд юу үгүйлэгдэж байна?

-Урагшлуулахын тулд маш их ажиллах л ёстой юм шиг санагдаж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *