“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөх хугацаанд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж, ургуулан, арчилж хамгаалахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая гээд нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөжээ.
Тэрбээр, “Улаанбаатар хот төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодит тооцоо хийж, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг ашиглан, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлна. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгохыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллана. Мөн мод ургуулсан туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцооноос гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байгаа”-г тэмдэглэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны газар нутгийн 76 хувь цөлжөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгахаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгов. Тэрбээр “Нийслэлд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар хэлэлцэж, аймгууд зөвлөгөөн зохион байгуулсан. Хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгсөн байгаа”-г дурдав.
Улаанбаатар хотын газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг, нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог байна. Улаанбаатар хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг хийх боломжтой аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хот бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгж, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэ стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр мод тарих нь иргэдэд амьжиргааны эх үүсвэр төдийгүй ажлын байр бий болгох, бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтойг энэ үеэр тэмдэглэж байлаа.