Улсын арслан Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.
-МҮБХ-ны зүгээс улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан. Э.Оюунболд энэ асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ. Таны тухайд өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм байна. Таны үйлчлүүлэгч анх ямар үндэслэлээр хуулийн байгууллагад хандсан юм бэ?
-2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан наадамд улсын арслан Э.Оюунболд допингийн зөрчил гаргасан. Энэ зөрчилд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл шийдвэр гаргаж Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Үүнийг бөх сонирхогчид бүгд мэдэж байгаа. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс гарсан энэ шийдвэр нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөрчиж, хүний эрхийг хаслаа гэх агуулгаар Монголын үндэсний спортын арбитрт маргаан үүсгэсэн. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ямар заалт зөрчсөн юм бэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Улсын арслан Э.Оюунболдын гомдлын талаар ярихын өмнө допингийн эрх зүйн зохицуулалтын талаар ярих нь зөв байх. Допингийн эсрэг дүрмийн зөрчил буюу допинг хэрэглэсэн гэх хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэх цогц бичиг баримтаар зохицуулдаг. Энэ дүрэмд допингийн эсрэг зөрчил гэж юу болох, шинжилгээг хэрхэн авах, өгөх, хэрэв зөрчил илэрсэн бол ямар шийтгэл оноох, допинг хэрэглэсэн тамирчин ямар үүрэг хүлээх, түүнчлэн ямар эрх эдлэх гэх мэт бүх зохицуулалтыг багтаасан байдаг. Үүнийг спортын ертөнцийн Үндсэн хууль нь гэж ойлгож болно. Манайх олимпийн хөдөлгөөний гишүүн болохын хувьд хуулиараа энэ дүрмийг дагаж мөрдөх, улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэж соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх талаар заасан нь бий. Үүгээр юу хэлэх гээд байна гэхлээр Монгол Улс спорт дахь допингийн эсрэг конвенцид нэгдсэнээр допингийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаа үйлдэл. Допингийн зөрчлийн маргааныг допингийн эсрэг дүрмээр л шийдвэрлэнэ гэсэн үг.
-Улсын арслан Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхдээ ямар зөрчил гаргасан болоод Үндэсний спортын арбитрт хандсан юм бэ?
-Допингийн эсрэг зөрчил гаргасан тамирчин гэм буруутай ч учир шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, сонсгох ажиллагаанд оролцох, хэргээ шударгаар шүүлгэх, тамирчин болон иргэний үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чиний биеэс допинг илэрвэл “Яагаад илрээд байна вэ” гэдэг талаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Тайлбар мэдээллийнхээ нотлох баримтаа гаргаж өгнө. Нотлох баримтад тулгуурлаж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд дүн шинжилгээ хийнэ. Сүүлд нь эрх хасах асуудал яригдах ёстой. Өөрийг нь оролцуулж тайлбарыг нь сонсох ёстой. Э.Оюунболдын жишээнд ийм үйл явц болоогүй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаад л шууд эрхийг нь хасчихсан.
-МҮБХ-ны зүгээс допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлаагүй гэж хэлж байна уу, та?
-Баримталсан. Энэ дүрмийн хүрээнд шинжилгээгээ авчихаад хариуцлага тооцохдоо дүрмийн заалтыг баримтлаагүй. МҮБХ-ны зүгээс хариуцлага тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 гэсэн заалтыг баримтласан гэж хэлдэг. Энэ заалтад эхлээд хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил барилдах эрхийг нь хасах талаар заасан байгаа юм. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэмд нийцэхгүй байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, оролцоог хангуулах ёстой байсан. Биенээс нь илэрсэн бодис яагаад биед орсон тухай тамирчнаас өөрөөс нь тодруулах ёстой байсан юм. Энэ эрхээр хангаагүй.
-Таны үйлчлүүлэгчийн допингийн шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?
-Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн. Тухай хориглосон бодисыг тэмцээнд оролцоогүй байхдаа эмчилгээний зорилгоор хэрэглэж болно гэсэн үг. Дэлхийн допингийн эсрэг зохих байгууллагын дүрмэнд зааснаар тамирчин эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй бөгөөд өвчнөө эмчлүүлэхдээ зохих дүрмийн дагуу хориглосон жагсаалтад багтсан бодисыг хэрэглэж болно. Допингийн эсрэг байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө ийм зөвшөөрөл байгаа эсэхийг нягталж үзэх үүрэгтэй. Гэвч үндэсний бөхийн холбоо энэ арга хэмжээг авсангүй.
-Та бүхний зүгээс шүүхийн байгууллагад бус үндэсний спортын арбитрыг сонгож хандсан нь анхаарал татаж байна л даа.
-Үндэсний спортын арбитр нь Монгол Улсын хэмжээнд спортын салбарт гарч байгаа аливаа маргааныг таслах үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Спортын салбар дахь маргааныг мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө шийдэж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд допингийн эсрэг дүрмийн зөрчлийн асуудлыг арбитраар шийдвэрлүүлэх, арбитрын шийдвэрийг спортын холбоод шууд хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тусгагдсан байдаг. Арбитрийн хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу нотлох баримтуудаа гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
-МҮБХ-ны зүгээс асуудлыг дотоод журмаараа шийдвэрлэхдээ Дэлхийн Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн байна гэж ойлголоо.
-МҮБХ-ны дүрэмд зөвхөн эрх хасна гэсэн заалт л байгаа юм. Допинг гэдэг өөрөө олон янз. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох, болохгүй, тэмцээний үед хориглодог юм уу, бүх цаг үед хориглодог юм уу, зөвхөн тухайн спортдоо хориглодог юм уу гээд маш олон талт асуудлууд бий. МҮБХ-ны дотоод дүрэмд энэ бүхэн тодорхой бус байгаа юм. Дахин онцлоход, гаргасан зөрчилтэй нь холбоотой тайлбар мэдүүлгийг Э.Оюунболдоос авалгүйгээр энэ асуудал шийдэгдсэн. Зөрчилтэй холбоотойгоор Э.Оюунболдыг дуудаж тайлбар мэдүүлэг авсан бол асуудал яаж шийдэгдэх нь эргэлзээтэй. Энд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс допингийн эсрэг гэрээ, конвенцод нэгдсэн бол энэ нь Үндэсний хууль тогтоомжийн хүрээнд нь яригдана. Нэг үгээр хэлбэл хууль л гэсэн үг. Хуулиас давж журам гарвал хууль зөрчсөн гэдэг ойлголтод очно. Хууль давж журам гарахгүй гэдэг үндсэн зарчим бий. Гэтэл ийм дүрмээр асуудлыг шийдсэн. Гэхдээ маргаан таслагдаагүй учраас шууд дүгнээд хэлэх боломж алга. Үүнийг ойлгоно биз.
-Төрийн бус байгууллага дотоод дүрмийн хүрээнд л асуудлыг шийдэж хүний эрхэд халдаж барилдах эрхийг нь найман жилээр хасч байгаа нь “том толгой” гаргасан үйлдэл гэх улс байна л даа. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.
-МҮБХ-оо бол дотоод дүрэм журмаа боловсруулаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Үндэсний бөхийн спортоор 30.000 орчим хүн спортоор хичээллэдэг. Энэ хүмүүсийн эрх ашиг яригдаж байхад ийм шийдвэр гаргаж болох уу гэдэг өөрөө асуудал. Гэхдээ хуульчийн үүднээс МҮБХ-ноос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр арга байхгүй. Энэ шийдвэр нь харин хуульд нийцэж байна уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Монгол Улс нэгдээд орчихсон гэрээ, конвенцыг харахад арай өөр зохицуулалттай байдаг, МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын эрхийг хасахдаа үндэслэсэн дүрмийн заалтыг харахад энэ дүрэмд нийцээгүй байх үндэслэлтэй. Допингийн эсрэг дүрмийн зөрчил гэдэг зөвхөн хэрэглэсэн тамирчныг хэлээд байгаа асуудал биш. Дэлхийн Допингийн эсрэг дүрмээр тамирчны биед хориглосон бодис илэрснээс эхлээд, шинжилгээ өгөхөөс санаатайгаар зайлсхийх, хориглосон бодисыг хэрэглэхийг ятгах, зоригжуулах зэрэг 11 тохиолдлыг допинг хэрэглэсэн буюу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан гэж үздэг. МҮБХ-ны дүрмээр хянан шийдвэрлэх, сонсох ажиллагаа явуулж түүндээ тамирчны оролцоог нь хангаж, эрхийг эдлүүлэх ёстой байсан
Энд өөр нэг асуудал байгаа нь МҮБХ-ны дүрэмд давтан хэрэглэвэл найман жилээр эрх хасна гэж тусгасан байгаа юм. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд шийтгэл нь арай өөр байдаг. МҮБХ-ны зүгээс Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд нийцсэн гэх тайлбарыг л хэвлэл мэдээллээр ярьдаг. Хоёр талаас уулзаж дүрэм хараад ярилцвал өөр л агуулга харагдана. Дашрамд дурдахад, Дэлхийн допингийн эсрэг дүрэм нээллттэй эх сурвалж учир сонирхсон хүн бүр интернэтээс олж унших боломжтой. Энэ дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд ямар шийтгэл оноодог вэ гэдэг талаар мэдээлэл авч болно.
-Энэ асуудлыг шийдвэрлэх хурлын тов гарсан уу?
-Урьдчилсан хурал өнгөрсөн долоо хоногт зарлагдсан боловч хариуцагч МҮБХ ямарч тайлбар хийлгүй таг болчихсон. Дараагийн хурлын тов удахгүй гарах байх. Бидний зүгээс тамирчныхаа эрхийг аль болох түргэн хугацаанд сэргээх агуулгаар л ажиллаж байна. Арбитрын давуу тал нь тэгж их цаг авахгүй. Спортын салбарын мэргэжлийн улс ажиллаж байгаа учраас илүү ойрхон л доо.
-Үндэсний спортын арбитраас таны үйлчлүүлэгчийн талд шийдэгдлээ гэж үзье. МҮБХ-ны зүгээс барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлэх боломжтой. Энэ тохиолдолд хэрхэх вэ?
-Арбитрын шийдвэр эцсийнх. Олон улсын допингийн эсрэг дүрэмд ч спорт холбоод арбитрийн шийдвэрийг гүйцэтгэх талаар тусгасан байдгийг дээр хэлсэн. Удахгүй хуралдаж асуудал нэг талдаа гарах байх гэж найдаж байна.