Categories
гадаад мэдээ

Ээлжит бус дөрвөн дээд чуулган болж өндөрлөв || DNN.mn

Бельгийн нийслэл, Европын Холбооны засаг захиргааны төв Брюссель хотод гурван том ээлжит бус чуулган ээлж дараалан болж өндөрлөв. Эдгээр нь НАТО, “Их долоо”, Европын Холбоо болон АНУ-ын дээд хэмжээний уулзалт бөгөөд бүгд Украины асуудлыг авч хэлэлцэв. Уулзалтын үеэр эвслийн улсуудын удирдагчид Украины эсрэг явагдаж буй ОХУ-ын довтолгооны хариуд авч буй арга хэмжээний талаар болон Украинд цаашид хэрхэн туслах, Европ болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоо ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцлээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг анхны хуралдааныг эхлүүлж, Оросын хөрш улс руугаа ямар ч үндэслэлгүй халдсан үйлдлийг буруутгав. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг илүү чухал ач холбогдолтой байв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ыг “Их 20” гэгдэх бүлгээс хасах Польшийн санаачилгыг дэмжив. “Миний хариулт бол тийм, шийдвэрийг “G20”-ийн бүлэг гаргана” гэж Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Байден ОХУ-ыг хасаж чадахгүй тохиолдолд Украиныг “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад урихыг санал болгов. “Хэрэв Оросыг хасаж чадахгүй,”G20”-ийг одоо даргалж байгаа Индонез болон бусад улсууд санал нийлэхгүй бол миний бодлоор Украин мөн эдгээр уулзалтад оролцох шаардлагатай гэсэн асуудлыг би тавьсан” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна. Байдены хэлсэн үгний ихэнх нь эвслийн улсуудын үйл ажиллагаанд нэгдэхийг бусад улсад уриалсан уриалга байв. “Путин НАТО-г хуваагдана гэж бодсон. Түүнтэй хийсэн ярианаас харахад тэр биднийг эв нэгдэлтэй хэвээр үлдэнэ гэж бодоогүй нь тодорхой байсан. Түүний довтолгооны үр дүн эхлүүлэхдээ бодож байснаас нь яг эсрэгээр болсон. НАТО-гийн гишүүн улсууд өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэгдмэл байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлэв. Мөн Оросын ерөнхийлөгчийг тогтоон барихын тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Байден хориг арга хэмжээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэв. Мөн тэрээр “Оросын хориг манай улс болон бусад улс ялангуяа Европын Холбооны иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа. Гэхдээ Оросын бусад улсыг түрэмгийлэхэд зориулж буй мөнгийг таслан зогсоохын тулд бид энэ бэрхшээлийг тэвчээр заан даван туулах ёстой” гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн бага хурлын үеэр НАТО-гийн улсууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд “чанартай, зохих тоо хэмжээний” зэвсгээр хангахад бэрхшээлтэй байгааг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ тэрбээр Их Британи болон НАТО-гийн холбоотон улсууд Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж амлав. Их Британи Украины Зэвсэгт хүчинд бусад зэр зэвсгээс гадна нэмж 6000 пуужин нийлүүлэх аж. Үүний зэрэгцээ Жонсон Орост үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад, оросын талын мянга гаруй хувь хүн, компани Их Британийн хоригт өртсөнийг онцолжээ. “Энэ бол зөвхөн эхлэл. “Бид Путинд Украин ганцаараа биш гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Бид Киев, Мариуполь, Львов, Донецкийн ард түмнийг дэмжиж байна” гэж Жонсон хэлээд “Ерөнхийлөгч Зеленский өөрөө хэлсэнчлэн Украины ард түмэн ялж, Путин ялагдах ёстой” гэж нэмж хэлэв. Жонсон мөн Путины Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өөрийг нь “Барууны Оросын эсрэг уралдаанд хамгийн идэвхтэй оролцогч” гэж мэдэгдсэнд тайлбар хийв. “Огт тийм биш. Учир нь зөвхөн би ганцаараа идэвхтэй оролцогч биш. Магадгүй би Борис нэртэй Их Британийн анхны ерөнхий сайд болохоор түүнд тэгж санагдсан байх” гэж Жонсон хэлжээ. “Одоо Оросыг удирдаж байгаа Владимир Путины хийж байгаа зүйл бол гамшиг бөгөөд түүний Украин руу хийсэн довтолгоо нь хүнлэг бус, балмад явдал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа” гэж Их Британийн ерөнхий сайд нэмж хэлсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг танилцуулсан юм. Түүнчлэн, Путины хувийн арми гэгддэг Вагнерын бүлэглэлийн тухай анхааруулав. Уг армийн хөлсний цэргүүд Зеленский болон Украины бусад өндөр албан тушаалтнуудыг хөнөөх үүрэг хүлээсэн гэх мэдээлэл байгааг мэдэгдэв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Ерөнхийлөгч Путин бие даасан, тусгаар тогтносон үндэстний эсрэг дайн эхлүүлж том алдаа гаргасан. Тэрбээр Украины ард түмний хүч чадал, Украины ард түмэн, Зэвсэгт хүчний эр зоригийг дутуу үнэлж, түүний бодож байснаас хамаагүй хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан” гэж эвслийн улсуудын удирдагчдад хандаж үг хэлэхдээ мэдэгдлээ. Тэрбээр, “Оросын түрэмгийлэл нь Европ дахь цэргийн тогтоон барих тогтолцоог дорвитой шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн дээд хэмжээний уулзалт энэхүү тогтолцооны суурийг тавьж байна” гэв. “Үнэн хэрэгтээ бид энэ үеийнхээ аюулгүй байдлын хамгийн том хямралтай тулгараад байна” гэж тэрбээр хэллээ. “Өнөөдрийн уулзалт энэ хямралын үед Европ, Хойд Америкийг нэгтгэхийн ач холбогдлыг харуулах болно. Бид бол дэлхийн хамгийн хүчтэй эвсэл бөгөөд хамтдаа байвал аюулгүй” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлэв. Столтенберг мөн НАТО-гийн хүчнийхэн дайнд оролцохоор төлөвлөөгүй гэдгийг тусад нь цохон тэмдэглэв. “Бид Украиныг пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем, танк эсэргүүцэх зэвсэг, сум, түлшээр хангаж байна. Холбоотнууд Украиныг янз бүрийн чиглэлээр дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч бид НАТО-гийн цэргийн хүчийг газраар, эсвэл агаараар мөргөлдөөнд оролцуулахгүй гэдгээ тодорхой хэлэх ёстой. Энэхүү шийдвэрийг бид үүнээс ч их зовлон, үхэл, сүйрэлд хүргэхгүйн тулд энэхүү мөргөлдөөнийг Украины нутаг дэвсгэрээс халиулахгүй байх үүрэг хариуцлага хүлээсэнтэйгээ холбоотойгоор гаргасан” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “Зүүн жигүүрт байршуулсан хүчнийхээ тоог нэмэгдүүлнэ. Унгар, Словак, Болгар, Румынд нэмэлт цэрэг оруулна” гэжээ. Мөн Украинд дэмжлэг үзүүлж, химийн, биологийн болон цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгслээр тусална гээд одоо НАТО-гийн 40 мянган цэрэг, АНУ-ын 100 мянган цэрэг Европт байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг цохон тэмдэглэв.

Украины ерөнхийлөгч Зеленский мөн дээрх гурван уулзалтад гурвууланд нь цахимаар үг хэлсэн нь урьд болж байгаагүй содон явдал болов. Тэрээр эдгээр улсуудаас цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүссэн юм. “Биднийг аврахын тулд маш их цэргийн тусламж хэрэгтэй байна. Украин НАТО-гоос тусламж хүссэн. Танайд олон мянган сөнөөгч онгоц, танк бий. Тэр бүх танкныхаа нэг хувийг л бидэнд өгөх юмуу зарахыг бид хүсч байна. Гэвч одоогоор тодорхой хариу сонсоогүй л байна. Дайны үеийн хамгийн аймшигтай зүйл бол тусламж хүсэхэд хариу өгөхгүй байх явдал юм байна” гэж тэрээр хэлсэн юм. Эдгээр уулзалтуудын үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн хурал дээр “Оросууд НАТО-ын гишүүн аль нэгэн улсын нутагт ямар ч цохилт өгсөн тохиолдолд бид маш хатуу хариу барих болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч маш ойлгомжтойгоор мэдэгдсэн гэдгийг Жо Байдены Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Жейк Салливан мэдэгдэв. Мөн дээрх хуралдаануудтай давхцан НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган болж Украины дайны галыг даруй зогсоох, иргэдийн эрх ашиг, аюулгүй байдал мөн иргэний объектыг хамгаалах асуудлаар дахин тогтоол гаргах тухай санал асуулга явуулав. Нийт 193 гишүүн улсаас 140 нь дэмжиж, 38 улс түдгэлзсэн бол Сири, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Орос гэсэн таван улс эсэргүүцэж, Монгол түдгэлзсэн байр суурьтай байлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 2-ны өдөр Украины нөхцөл байдлын талаар санал хураалт явуулж байсан. Тухайн үед 141 улс дайны гал зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах тогтоолыг дэмжиж байв. Энэ тогтоолтой холбогдуулан АНУ ОХУ-ын түрэмгийллээс болж, эх орноосоо дүрвэсэн 100 мянган украин иргэнийг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ. “Бид энэ амлалтаа биелүүлэхийн тулд АНУ-ын, цагаачлалын болон цагаачлалын бус визийг багтаасан хууль эрх зүйг саадгүй болгох бүх арга замыг судалж байна” гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгдэв. Одоогийн байдлаар Украин улсаас 3.5 сая хүн дүрвэсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг мэдэгдээд байгаа юм.

Эцэст нь эдгээр дөрвөн уулзалт, хуралдаанаас бидэнд хамаарах хэсгийг энгийн үгээр тайлбарлавал, Орос улсад тавьсан хориг хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэн барааны үнэ нэмж бүх улсын жирийн иргэдийн амьдрал хүндрэх юм байна. Энэ нь жинхэнэ дайны хөлд л өртчихгүй бол энэ ч ёстой яамай байна гэсэн үг аж. Бас чөлөөт зах зээлийн ачаар дэлхий нийт Оросгүйгээр дасан зохицох 1-2 жилийн хугацаанд тэвчих ёстой гэсэн үг. Хойд хөрш маань Европын холбоо, “Их долоо”-гоос хасагдаад байгаа бол удахгүй “Их-20” болон НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хасагдах болоод байгаа юм байна. Энэ нь ОХУ-ыг террорист буюу эзлэн түрэмгийлэгч-алан хядагч улс хэмээн НҮБ-аас ч хөөхийг үгүйсгэхгүй болсон гэсэн үг. Учир нь АНУ, Европын холбооноос гадна Англи, Япон, Швейцарь, Австрали, Канад тэргүүтэй дэлхийн 140 улс ОХУ-ын өнөөгийн удирдагч В.Путин түүний ойр тойрныхон, улстөрчид бүр дайныг зөвтгөн сурталчилсан хэвлэл мэдээллийнхнийг хүүхэд, эмэгтэйчүүд, жирийн иргэдийг устган геноцид үйлдсэн дайны гэмт хэрэгтэн хэмээн Нидерландын Гааг хот дахь НҮБ-ын Гэмт хэрэгтний шүүхээр орж шийтгүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Эдгээр 140 улс нь НҮБ-ын дүрэмд заасан нийт гишүүдийн 3/2-оос хамаагүй илүү санал болох учир энэ байгууллагын дүрэм, журамд өөрчлөлт оруулах хангалттай хүч гэсэн үг. Ерөөс эдгээр 140 улс Орос-Украины дайныг дэлхийн Авлигачин олигарх дарангуйлагчид-Ардчиллыг дэмжигч хүчний хоорондын тэмцэл гэж харж байгаа аж. Бас дэлхийд “аман хүзүү” гэгддэг байсан Оросын арми авлигад идэгдэн ялах чадваргүй болсноос “Ичсэн хүн хүн ална” гээч нь болж Польшид атомын бөмбөг хаяж магадгүй болчихоод байгаа аж. Үүнд нь НАТО болон Европын Холбооны гишүүн улсууд бэлдчихээд байгаа юм байна. Иймээс Оросын сүйхээтэй хэсэг болох олон зуун мянган иргэд гэр бүл, хамаатан саднаа аван өөрийн улсаас дайжаад байгаа ажээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *