Categories
мэдээ улс-төр

“МАН-аа намнах МАН” төлөвлөгөө || DNN.mn

Маргааш Хөгжлийн банктай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Гэхдээ энэ нээлттэй хэлэлцүүлэг үнэн хэрэгтээ улс төрийн тавилттай жүжиг болоод өнгөрөх вий гэсэн хардлага Хөгжлийн банкны “хөнжлийг сөхсөн” цагаас л олон нийтэд төрөх болсон.

Угаас “дабль стандарт”-ыг төр нийгэмд бүрэн нутагшуулж гаршсан эрх баригчид энэ удаад нээлттэй хэлэлцүүлэг хэмээх улс төрийн тайзан дээрээ чухам ямар жүжиг дэглэх нь сонирхол татаж байгаа юм.

Хөгжлийн банкнаас зээл аваад бултсан, зориулалтын бусаар зарцуулсан, чанаргүй зээлийн ангилалд багтааж луйвардсан, шатахууны компанидаа зээл аваад бензин шагласан, орон сууц барьж дамлаад ор сураггүй алга болсон, төрийн өмчит компаниудаар дамжуулж аваад улс төрчдийн гарын салаагаар орж урсан алга болсон зээлийн асуудлуудаа үнэхээр ярьж чадах уу гэдэг л сонин байна.

Юун түрүүнд Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн тухай хамгийн түрүүнд ярих ёстой. 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн талаас илүү хувь нь Сахал хочит Д.Эрдэнэбилэг, Н.Алтанхуяг нарын бүлэглэлд хамаарч буй. Гэвч Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан хэрнээ түүнээ санаатайгаар төлөхөөс зайлсхийж өдийг хүрсэн. Чанаргүй зээлийн талаас илүү хувь хамаарч буй тэдний араас 154.5 тэрбум төгрөгийн өртэй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шил дарж буй. Түүнтэй “Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн 141 тэрбум төгрөгийн өр яагаад яригдахгүй байгаа нь сонин.

Магадгүй Д.Баясгалангийн “Бодь интернэйшнл” ХХКийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра өнөөдөр Д.Амарбаясгалангийн PR-ийг хийж, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн алба хашиж буй нь “Цэцэнс майнинг энд энержи”-ийн зээл дарагдаад өнгөрөхөд далдуур нөлөөлж байж болох юм.

Мөн Хөгжлийн банкинд 43 тэрбум төгрөгийн өртэй Бэрэн группын захирал Н.Мөнхтөр, МоАХ-ны газрыг барьцаалж зээл авсан “Пирамид орд” гээд компаниудын талаар нухацтай ярихгүй бол зүйд нийцэхгүй.

Нээлттэй хэлэлцүүлэг үнэхээр ажил хэрэгч болж чадвал Хөгжлийн банкны нөхөд өөрсдөө яагаад хууль дээгүүрээ хөндлөн гулд давж алхав гэдгийг ч ярих л ёстой асуудал. Тэдний хувьд хүүний зөрүүн дээр тоглолт хийж мөнгө хүүлсэн, хөлжсөн тал ч харагдаад байгаа.

Харин энэ Нээлттэй хэлэлцүүлэг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээ олж тодруулан улсыг хохиролгүй болгох бус, харин “МАН-аа намнах МАН” төлөвлөгөөний дагуу явагдах юм бол УИХ дахь бүлэгт нь үлдэх гишүүн ер нь байхгүй л болов уу.

Учир нь урьд нь ЖДҮ-д холбогдсон гишүүд дээр өнөөдөр Хөгжлийн банкинд нэр холбогдсон нөхдийг нэмбэл нэр цэвэр хүн ор үлдэхгүй тэгтэй тэнцүү л тоо гараад байгаа юм даа.

Наад зах нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ дуулиан гарангуут мэгдэж сандран тэр дор нь төлсөн гэгдэх Ц.Анандбазар, Ч.Ундрам нар л лав хариуцлагаас бултах гарц байхгүй. Учир нь хувийн компани нь импортын бензин оруулж ирэх, экспортод нүүрсээ гаргах нь яавч хөгжлийн төсөл биш гэдэг дэндүү ойлгомжтой.

Хөгжлийн банкны 33 тэрбумтай гуя хүзүү холбогдсон гурван гишүүн болох Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын толгойг ч илээд өнгөрч таарахгүй.

Жагсаалт үүгээр дуусахгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар ч Хөгжлийн банкны зээлийн асуудалд хөл нь орооцолдож, нэр нь хавчуулагдаад буй.

Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүн асан М.Билэгт тус банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарын цаана УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр цухалзаж байгаа.

Баруун бүсэд баригдаж буй цементийн төсөлтэй нэр нь холбогдоод буй С.Бямбацогтыг ч тэдний араас дагуулаад тонгорох магадлал байгаа.

Дорнодын Х.Болорчулуун гишүүний нэр ч бас л Хөгжлийн банкнаас зээл авсан Дорнын цас гэх тодотголтой нэг компанитай гүнзгий холбогдсон.

Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах нэрийдлээр Хөгжлийн банкнаас 13.25 тэрбум төгрөгийн зээл авсан Монгема ХХК-ийн цаана УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг байгаа талаар хууль хяналтынхан шивэр авир хийж байна.

Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ дуулиан шуугиан гарангуут төлсөн гэх Макс группийн ард Хөгжлийн банкны зээлийн асуудлаар “шүгэл үлээж” эхний үзэгдлийг дэглэсэн МАН-ын генсек Д.Амарбаясгаланг байгаа гэж олон хүн харддаг нь ч оргүй биш. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Алтай констракшний Х.Бат-Эрдэнэ гээд бүгд л намаасаа хөөгдөх болзлоо хангаад буй.

Хөгжлийн банкнаас ч дутахгүй дуулиан дагуулаад буй Хаан банкны хувьчлалын хуудуутай асуудалтай хутгалдсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкиндаа төрийн сангийн мөнгийг хадгалж байгаад “гулруулж”, 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа хэрнээ Монголбанкны Эрсдэлийн сангаас дахин 14 тэрбум төгрөг гаргуулж том загнасан ч асуудал нь нам дарагдаад өнгөрсөн хотын дарга Д.Сумьяабазар, төрийн мөнгийг гол гаргасан Капитал банкнаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч төлөлгүй “гүлдийсэн” хэвээр байгаа Сангийн сайд Жавхланг ч намаасаа хөөх л хэрэг гарна.

Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад МАН асуудалд холбогдсон зарим гишүүдээ тас өмгөөлж, харин зарим нэгээс нь харцаа буруулах бололтой гэсэн дүр зураг харагдаад л байна. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гучаад гишүүнээсээ гуравхнаар нь туг тахиж олны хэл амыг дарж хуураад өнгөрсөн мэхээ энэ удаад ч бас эрээгүй давтах зураг л тодроод байх шиг.

МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өмнөх болон өнөөгийн парламент бүх эрх мэдлийг бөөгнүүлж аваачаад өгчихсөн. Түүнд ажил хийх сэтгэл зүтгэл дутна уу гэхээс эрх мэдэл дутаагүй. Харин ч өөрийнх нь хэлснээр тэр “Хамгийн азгүй Засгийн газрын удирдагч” биш хамгийн “аатай хүчтэй, азтай мөнгөтэй Засгийн газрын тэргүүн” билээ.

Гүйцэтгэх засаглалдаа гүйж очоод дөрлүүлсэн УИХ үүнийхээ горыг амсаж, өнөөдөр данхар ЕС, дан дээлтэй сайдуудтайгаа парламентын дээр ноёлж , Ковидын хуулиар дураараа дургиж, “коммунизм” байгуулахаар дунд чөмгөөрөө жиргэж байгаа.

Гэхдээ УИХ бол унтаж буй болохоос “үхсэн арслан” огтоос биш. Өөрийнхөө намын гишүүдийг өм цөм шоглоод эхэлбэл бүлэг нь хуваагдаж, засаг нь задрах бол цаг хугацааны л асуудал.

Муур багш шиг наанаа гэмгүй царайлж байгаад цаанаа гишүүдээрээ “самар цөмөөд” эхэлвэл эрх баригч намын Их хурал дахь гишүүд “Сүх далайтал үхэр амар” суух нь юу л бол.

Тэр тусмаа эсрэг намын PR -чдаар улс төрийн жүжиг тавиулаад суухыг хээвнэг хараад суух хэн байх билээ.

Тэгэхээр Херо зохиолтой Амраа найруулагчтай “МАН-аа намнах МАН төлөвлөгөө” маргааш яаж ил болохыг харцгаая хэдүүлээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өөрсдийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдөж, нүд рүүгээ хуруугаа хийх зориг гаргавал сайн л биз.

Хэмлэлдээн дунд нь харин хэдүүлээ хожиж л байвал барав биш гэж үү.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *