Categories
мэдээ эдийн-засаг

Нийлүүлэлтийн саатлаас болж газрын тосны үнэ дахин өcчээ || DNN.mn

Хар тэнгист байрлах газрын тосны тээвэрлэлтийн томоохон терминалын систем хүчтэй шуурганы улмаас эвдэрсэн тухай мэдээлсний дараа нийлүүлэлт тасалдах болгоомжлолоос шалтгаалан газрын тосны үнэ дахин өслөө.

Өнөө өглөө “Брент” маркийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9%-иар өсч, баррель нь 122.66 ам.доллар, “West Texas Intermediate” (WTI) газрын тосны үнэ 0.79 ам.доллар буюу 0.7%-иар өсч, баррель нь 115.68 ам.доллар хүрэв.

Лхагва гаригт ОХУ-ын Шадар сайд Александр Новак, Хар тэнгисийн терминалууд далайн шуурганы улмаас Caspian Pipeline Consortium (CPC) Каспийн газрын тосны хоолой хоёр сар хүртэлх хугацаанд газрын тос нийлүүлэх боломжгүй болж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа газрын тосны үнэ таван хувиар өсөөд байна.

Даваа гаригаас хойш дээрх хоёр жишиг үнэ огцом өссөн бөгөөд “Брент” маркийн газрын тос баррель нь 14 доллар буюу 13 хувиар, WTI төрлийнх 10 доллар буюу 10 гаруй хувиар өслөө.

CPC дамжуулах хоолой нь дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлдэг чухал дамжуулах хоолой бөгөөд өдөрт 1.2 сая баррель Казахстаны газрын тосыг ОХУ руу тээвэрлэн, дэлхийн эрэлтийн 1.2 хувийг бүрдүүлдэг юм.

АНУ-ын газрын тосны нөөц буурсан нь мөн үнэ өсөхөд нөлөөлж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын арилжааны газрын тосны нөөц 2.5 сая баррелиар буурсан бол стратегийн газрын тосны нөөц 4.2 сая баррелиар буурсан ба газрын тосны олборлолт өөрчлөгдөөгүй, өдөрт 11.6 сая баррель байна гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) мэдээлэв.

OANDA-гийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Мояа “Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал хүнд байна. АНУ-ын газрын тосны олборлолт тогтвортой байгаа хэдий ч нөөцийн хэмжээ буурч байгаа энэ үед газрын тосны үнэ өсөх болно” гэв.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *