Categories
гадаад мэдээ

Герман, Катар улс урт хугацааны гэрээ байгуулав || DNN.mn

Оросын хий, нефтийн хараат байдлаас салах бодлогын хүрээнд Герман улс Катар улсаас шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулав. Өнөөдөр Европын улсууд зөвхөн газрын тос худалдаж авахад өдөрт $285 саяыг ОХУ-д төлдөг. Үүнээс хамгийн их мөнгийг Герман улс гаргадаг юм. Шинжээчид нефтийнхээ хэрэгцээг европчууд Арабын улсуудаас хангах боломжтой. Харин хийн хувьд асуудал үүснэ гэж үздэг юм. 2020 онд Герман улс ОХУ-аас 56 тэрбум шоо метр байгалийн хий импортолж байжээ. Европын Холбооны нийтдээ жил бүр 168 тэрбум шоо метр хий ОХУ-аас импортолдог. Германы нийт хийн импортын 55 хувийг ОХУ нийлүүлдэг байна. Тус улсын хийн нийт хэрэглээний 40 хувь аж үйлдвэрийн зориулалттай байдаг гэнэ.

Катарын нийслэл Доха хотод айлчилсан Германы эдийн засгийн сайд Роберт Хабек өчигдөр “Урт хугацааны эрчим хүчний хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд санал нэгдэн, гэрээ байгуулсан гэдгийг дуулгахад таатай байна” гэж мэдэгджээ. Гэхдээ гэрээний тоо баримтуудыг огт дурдаагүй байна. Германы эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч Ногоон намын тэргүүн Хабек ОХУ-аас авдаг эрчим хүчний нийлүүлэлтийг огцом бууруулахын эсрэг байгаа юм. Хэрвээ ийм огцом өөрчлөлт хийвэл Германы эдийн засагт хохиролтой гэж тэр үздэг. Үүнийхээ төлөө тэр гадаадад төдийгүй дотооддоо шүүмжлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Бундестагт цахимаар үг хэлсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эдийн засгаа бодож буй Германы эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн юм.

Катар улс 2025 он гэхэд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон байна. Хабек Герман улсад одоогоор шингэрүүлсэн хий хүлээж авах сүлжээ бэлэн биш тул Оросын хийн нийлүүлэлтээс шууд татгалзах боломжгүй гэв. Германы хоёр компани шингэрүүлсэн хийн терминал байгуулах зөвшөөрөл авсан ба гурван жилийн хугацаанд нэвтрүүлэх боломжтой гэж тооцоо гаргасан байна.Катар улс 2020 онд нийтдээ 106 тэрбум шоо метр хий экспортолсны дийлэнх хэсэг нь Азийн зах зээлд гарч байжээ. Герман улс цаашдаа байгалийн хийн импортынхоо нэг улсаас хамаарах хамаарлыг багасгаж, Норвеги, Канад, АНУ-аас нэмж авахаар төлөвлөж буйг Хабек мөн мэдэгдэв.Байгалийн хийнээс гадна Герман улс газрын тосны хэрэгцээнийхээ 34 хувийг ОХУ-аас авдаг. Уг нийлүүлэлтийн ихэнх хэсэг Зөвлөлтийн үед байгуулсан Дружба дамжуулах хоолойгоор нийлүүлэгддэг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *