Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар зээлж малчдыг дэмжинэ || DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Уг зээлийн хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд зарцуулах юм байна.

Монгол Улсад 180 мянга орчим малчин өрх байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 30 гаруй хувь юм. Эдгээр хүмүүсийн амьжиргааг залгуулж буй мал аж ахуйн салбарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай байх шаардлага тулгарч байгаа тухай яриад удаж байна. Бэлчээрийн даац байж болох хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь энэ салбарт үр ашигтай бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгожээ. Үүний дагуу Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 30 сая ам.долларын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2027 он хүртэл Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  1. Булган: Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод, Сайхан.
  2. Архангай: Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл , Өлзийт , Өгийннуур, Хашаат.
  3. Өвөрхангай: Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан.
  4. Баянхонгор: Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд.

Төслийн хүрээнд 11660 малчдыг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгох юм байна. Ингэснээр бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжирна гэж үзжээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

  • 14000 малын хашаа хороог сайжруулна,
  • 382 худаг барих, сэргээн засварлах,
  • 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулна,
  • 466 малчдын бүлэгт зориулан хадлангийн талбай үүгэнэ,
  • Өвсний агуулах барина,
  • 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулна.
  • 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар 11660 малчны малын эрүүл мэндийг сайжруулана,
  • Хонь, ямааны 20 орчим цөм сүрэг байгуулах замаар малын үржлийг сайжруулна,
  • Хурга бордох 20 тэжээлийн хэсэг байгуулах замаар малын эргэлтийг сайжруулна,
  • Сумдад ноолуур ангилах 20 байгууламж байгуулах замаар ноолуурын маркетинг, борлуулалтыг сайжруулна,
  • 20 суманд Монгол улсын малын эрүүл мэндийн мэдээллийн системийг өргөжүүлнэ,
  • ХХААХҮЯ-нд Бэлчээр, тэжээлийн хэлтэс байгуулна.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *