ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш доктор (Ph.D) Ж.Очиртой ярилцлаа.
-Битүү үндэстэй мод гэж ямар модыг хэлдэг юм бэ. Модыг битүү үндэстэй бэлтгэх ямар арга технологи байна?
-Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бортого буюу хоовонд тарьц, суулгац бэлтгэж тариалдаг технологи нэвтэрч байна. Үүнийг л ойн мэргэжлийн судлаачид битүү буюу далд үндэстэй суулгац гэж нэрлээд байгаа юм. Агрономич бид бол “Үндэсний системийг далдалсан” суулгац гэж нэрлэмээр ч юм шиг. Ер нь энэ хөрсөн бортогонд мод тариалах технологийг анх Японы эрдэмтэн Ямадера Ёшинаро гэдэг хүн судлан боловсруулсан байдаг. Харин манай орны хувьд ХААИС-ийн эрдэмтдийн баг өөрийн орны нөхцөл, түүхий эдийн боломж, бололцоонд тулгуурлан хөрсөн бортогоны найрлагыг өөрчилж, бионүүрс болон бусад идэвхжүүлэгч бодисоор баяжуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ингэж тариалахад амьдралт 98-100 хувь байна. Мөн бортого хийх багаж, тоног төхөөрөмжийг зохион бүтээж Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Монполимет ХХК-ийн Тосонгийн уурхайн нөхөн сэргээлт болон хэд хэдэн аж ахуйд өргөн хэрэглэдэг. Энэ технологийн оюуны өмчийг ХААИС-ийн баг эзэмшдэг.
-Битүү үндэстэй модыг хэзээ суулгавал тохиромжтой вэ?
-Хөрсөн бортого болон хоовонгийн технологиор үржүүлсэн тарьц суулгацыг хөрс хөлдүү, хаврын салхи ихтэй үеэс бусад хугацаанд тариалах боломжтой. Учир нь модны үндэс шим тэжээлийн бодисондоо баригдсан ямар нэгэн гөвөгдөлтөнд өртөхгүй, ургамлын ургалтын хугацаанд бол хэвийн ургаж байдаг юм. Энэ орчны тохиромжтой байдлаараа хөрсөнд суулгагддаг.
-Задгай үндэстэй мод нь битүүгээс ямар ялгаатай вэ?
-Мод үржүүлгийн газарт болон хүлэмжинд үржүүлсэн тарьц суулгацыг бойжуулгаас гарган авч талбайд тариалах хүртэлх хугацаанд технологийн алдаа гарч, үндэс хатах, нахиа задрах, тариалах хугацаа алдах, суулгац тээвэрлэлтийг стандартын дагуу хийхгүй зэрэг эрсдэл үүсдэг. Энэ нь тарьц суулгацын амьдралт буурах үндсэн шалтгаан болж байна. Манай оронд мод тариалах өдөртэй болсноос хойш 9 сая гаруй мод тариалсан ч, түүний 45 хувь нь ургасан гэдэг дүн байдаг. Энэ нь дээрх шалтгаан болон ургалтын үеийн арчилгаа муу хийдэгтэй холбоотой.
-Модны ургалтын үйл явцад юунд анхаарах ёстой вэ?
-Мод бут нь нэг талбайд олон арван жил ургадаг учраас эхнээс нь зөв төлөвлөлт хийх шаардлагатай. Манай орны нөхцөлд мод бутны тариалалт хийхэд анхаарах зүйл нь модны төрөл зүйлийг тухайн бүс нутгийн онцлогт тохируулан зөв сонгох, хөрсний агрохимийн шинж чанартай уялдуулан бордооны тун норм тохируулах, тарих модны суулгац бэлтгэхдээ тарих бүс нутагт нь бэлтгэж нийлүүлэх, модны тоог усалгааны эх үүсвэртэй нь уялдуулан тогтоох, усалгааны хэмнэлттэй технологийг ашиглах, хашаа хамгаалалтыг заавал хийх нь модыг амжилттай ургуулах үндэс болно. Модны төрөл зүйл, хашаа хамгаалалт, усалгааны эх үүсвэрийг шийдсэний дараа тариална.
-Манай оронд ямар модыг тарихад хамгийн тохиромжтой юм бол…
-Байгалийг дуурайх агуу их эрдэмтний сургаал бий. Энэ онолын дагуу нутгийн унаган ургамлыг түлхүү сонгоход арчилгаа тордолгоо шаардах нь арай бага, амьдран дасан зохицож ургах чадвар өндөр байдаг. Ер нь говийн бүс рүү хайлаас, бургас, заг, жигд, харгана, торлог гэх мэт, харин газар тариалангийн төв бүсэд хайлаас, бургас, агч, монос, чацаргана зэрэг эдийн засгийн ач холбогдолтой мод тариалах шаардлагатай.
-Манай оронд мод бут тарихад орчин үеийн шинэ технологиуд хэрэглэх шаардлагатай юу?
-Зайлшгүй шаардлагатай, хөгжилтэй орнуудын модыг тарьж ургуулах, арчлах, хамгаалах шинэ арга технологиудыг ашиглах хэрэгтэй. Дээр дурдсан хөрсөн бортого, хоовонд тарьц суулгац бэлтгэхээс гадна үр бүрэх технологиор модны үрийг бүрэх технологийг ашиглах хэрэгтэй. Үр бүрэх технологи нь анх АНУ-д гарсан бөгөөд төрөл бүрийн таримал, ургамлын үрийг ургамал хамгаалал болон өсөлт идэвхжүүлэгчээр бүрж тариалж эхэлсэн байдаг. Энэ арга технологиос санаа авч өөрийн орны нөхцөлд ХААИС-ийн доктор Д.Түвшинжаргал модны үр бүрэх арга технологи боловсруулсан. Энэ судалгааг өргөжүүлэн тухайн бүс нутгийн хөрсний агрохимийн шинж чанарт тохирсон үрийг бүрэх материалын орц норм тогтоох судалгаа хийгдэж байна. Мод тариалахаар сонгогдсон газрын хөрсний уусмалын орчин (pH)-г тэнцвэржүүлэх, шаардлагатай шим тэжээлийн бодис, чийг баригч зэргийг үрийн бүрээсэнд оруулж өгдөг. Ингэснээр бүрж тариалсан үр маань тохиромжтой нөхцөл бүрдээд ургаж эхлэнгүүт шаардлагатай бодисуудыг бүрэх материалд нь оруулж бэлдэж өгдгөөрөө онцлогтой.
-Бортгонд суулгац яаж бэлтгэх вэ?
-Бид бортгонд суулгац бэлтгэх технологийн талаар нэлээд судлаад дөрвөн үндсэн хэсэгт хувааж үзсэн. Үүнд:
1. Хөрсөн бортого үйлдвэрлэх хэсэг. Энэ хэсгийнхэн мод үржүүлгийн газарт тухайн талбайн хөрсөөр үндсэн түүхий эд болгохоос гадна барьцалдуулагч, эрдэс болон гумины бордоо, бионүүрс, ялзмаг, ус зэрэг материалаар бортогоо үйлдвэрлэж талбайд эгнүүлэн байрлуулна. Га талбайд 550 мянган ширхэг бортого байрлуулах боломжтой.
2. Усалгааны системийг сонгож, угсарч зүгшрүүлэх баг. Энэ багийнхан тухайн талбайд тохиромжтой намираа болон мини бороожуулагч машиныг сонгож ажиллагааг хангана.
3. Үр, ургал эрхтэнг тарьж суулгах, арчилж ургуулах баг. Энэ баг бэлдэж эгнүүлэн байрлуулсан бортогыг зориулалтын субастрат (хиймэл хөрс)-өөр цэнэглэж, үр, ургал эрхтэн (вегататив эрхтэн)-г суулгах, арчлан ургуулна.
4. Цахим хяналтын системийн баг. Энэ баг тарьцын ургалтын байдлыг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар хянах боломжтой. Эдгээр хэсгүүдээс бүрдсэн иж бүрэн мод үржүүлгийн механикжсан технологи ашиглах боломж байгаа.
-Модыг хэддүгээр сард таривал хамгийн тохиромжтой вэ?
-Бортого болон хоовонд үржүүлээгүй, модны тарьц суулгацыг суулгахдаа аль болох тайван байдалд орсон үед суулгаад ханатал усалгаа хийх шаардлагатай. Намрын тариалалтыг манай орны төвийн бүсэд есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын дунд хүртэл, говь тал хээр рүү аравдугаар сар бүхэлдээ хамаарна. Харин хавар дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын 20 хүртэл тариалж байна. Ер нь хаврын тариалалтанд суулгацын нахиа задраагүй, өөрөөр хэлбэл тайван байдлаасаа гараагүй байх ерөнхий шаардлагатай.
-Сүүлийн үед модыг их шилжүүлэн суулгадаг болжээ. Энэ үед юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ бол харьцангуй ойлголт юм. Тохиромжтой нөхцөлд ургаж байгаа мод бут газрын гадарга дээр болон доор байгаа биомасс тэнцүү байдаг талаар олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Гэхдээ говийн бүсийн мод бутны энэ харьцаа газрын гадарга дээр үүссэн биомассаас үндэсний системийн биомасс хоёр дахин их байдаг. Иймээс хэдий чинээ том модыг шилжүүлэн суулгана, төдий чинээ том үндэс хөрстэйгөөр шилжүүлэх болох нь. Иймээс ямар төрөл зүйлийн модыг шилжүүлэн суулгахаас шалтгаалан хэр зэрэг хөрс, үндэстэйгээр шилжүүлэхээ тогтооно.
-Тухайлбал, уулын ард сүүдэрт байсан модыг нартай газар суулгаж болох уу?
-Шигүү ургасан ойгоос болон сүүдэр газар ургасан модны нар тусдаг талын мөчрүүд ихээхэн өтгөрч ургасан байдаг. Иймд наранд дуртай ургамлуудыг шилжүүлэхдээ нарны чигийг бариулж тариалах, газрын дээрх хэсгийн мөчир салааг танаж тариалдаг. Ингэснээр үндэсний систем сэргэн хөгжихөд сайн нөлөөтэй.