Categories
мэдээ нийгэм

Энэ онд манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 дахин өсчээ || DNN.mn

Гуравдугаар сарын 1-20-ны хооронд гадаадын 38,535 иргэн манай улсын хилээр нэвтэрчээ. Үүний 31,865 нь монгол, 6,670 нь гадаадын иргэн байснаас 35 хувь буюу 2,332 нь ОХУ-ын иргэн байв.

Тодруулбал дээрх хугацаанд ОХУ-ын 1,168 иргэн хилээр орж ирсэн бол 1,164 иргэн хилээр гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед хилээр нэвтэрсэн ОХУ-ын зорчигчийн тоотой харьцуулбал нийт 1,427-оор буюу 1.5 дахин өссөн үзүүлэлт аж.

Манай улс хилээ нээсэн өдөр буюу хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд ОХУ-ын нийт 1,020 иргэн орж ирсэн нь мөн хугацаанд хилээр нийт нэвтэрсэн гаднын зорчигчдын 35.3 хувийг дангаараа эзэлж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Харин ОХУ, Украины дунд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор буюу хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын 842 иргэн манай улсад орж ирсэн бол 752 иргэн буцаад гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 626-аар буюу 60 орчим хувиар өссөн дүн юм байна.

2022 он гарснаас хойш 124,329 гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна. Эдгээр иргэний 22,766 нь гадаадын, 101,633 нь монгол иргэн байжээ. Харин ОХУ-ын 8,308 иргэн хилээр нэвтэрснээс 4,336 иргэн орж ирсэн бол 3,972 иргэн буцаад гарсан талаар ХХЕГ-аас мэдээллээ.

Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан тогтоолын дагуу дараах иргэдийг хилээр нэвтрүүлж буй талаар ХХЕГ-аас тайлбарлав.

Үүнд:

  • Том оврын ачааны машины жолооч,
  • ОХУ-д суралцаж буй оюутан,
  • Тухайн улсад эмчлүүлэх иргэд,
  • Ойрын хамаатан садан нь тус улсад нас барсан,
  • ОХУ-д оршин суух зөвшөөрөлтэй иргэд,
  • ОХУ-ын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэн,
  • ОХУ дахь гадаадын элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчдийн болон консулын газрын ажилчдыг хүндэтгэн үзэх шалтгаантай хэмээн үзэж, харин аялал жуулчлал, бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр энгийн иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж.

Манай улсын хувьд цар тахлын үеийн хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцлаад буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *