Доктор, профессор, Энх тайвны аюулгүй байдлын олон улсын шагналт, хурандаа Ч.Баатартай ярилцлаа.
-Технологийн эрин зуунд дайны стратеги төлөвлөгөөнд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Цэрэг, арми гэдэг улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлын дархлаа болж байдаг зүйл. Цэрэг, армигүй улс бол ямар нэгэн байдлаар бусдын хараат юм уу, бусдын нөлөөнд байдаг. Монгол Улсын тухайд тусгаар тогтносон бүрэн эрхт улс учраас цэрэг армитай, зэвсэгт хүчинтэй. Тусгаар улсаа хамгаалах үүрэгтэй цэрэг гэдэг маань шаардлагатай тохиолдолд бэлэн байх ёстой. Цэрэг хөдлөх ёстой гэсэн үг л дээ. Өнөөдөр ч бай, урьд өмнө нь ч бай шинжлэх ухааны хөгжил зэвсэгт хүчинд хурцаар нөлөөлж ирсэн. Зэвсэгт хүчин хурдтай хөгждөг нь бусад шинжлэх ухаанаас илүү байдгаараа онцлог. Жишээ татаад хэлье. Одоогоос 50-60 жилийн өмнө хүний хавдрыг хагалгаа хийгээд л авдаг байлаа. Өнөөдөр ямар нэгэн хавдрыг хагалгаа хийхгүйгээр анагаадаг зүйл гарч ирээгүй л байна. Авто машин, техник 50-60 жилийн өмнө дөрвөн дугуйн дээр л явдаг байсан. Өнөөдөр өөр ямар нэгэн хэлбэрээр машин явахгүй байна. Тэгвэл цэргийн шинжлэх ухаан дэндүү хол хөгжиж. 50-60 жилийн өмнө хамгийн холдоо л 30 орчим км газрын тусгалтай их буу байлаа. Өнөөдөр тэгвэл шинжлэх ухааны хөгжил тив алгасч хэдэн арван мянган километр нисдэг пуужинтай болж.
Өнөөдөр олон улсын түвшинд цэрэг стратегийн харилцаа нэлээн түрэмгий болсон. Цэрэг зэвсгийн хүчинд тулгуурлан харилцан бие биенээ буруутгах, айлган сүрдүүлэх шинжтэй болсон нь олон улсын харилцаанаас харагдаж байна. Энэ нь улс төр, эдийн засгийн ашигтай нөхцөл байдлыг өөрсдөдөө үр ашигтай тогтооход л оршиж байгаа. Товчхондоо зэвсэг техникээр эзлээд авъя гэхээс илүү тэр улсын байгалийн баялаг, улс төр, эдийн засгийг өөрийн хараанд оруулахаар ийм үйл ажиллагаа явуулж байна. Орчин үед дайн хийх стратегийн гол зорилго нь өрсөлдөгчийн нийгэм, эдийн засгийн тогтолцооны чадавхыг алдагдуулахад л чиглэж байна. Үүнийг цэрэг стратегийн талаас нь авч үзвэл учруулах хохирол нь уламжлалт аюулын хэмжээнээс давж, нийгэм эдийн засгийн амин чухал газруудад илүү хохирол учруулах зорилготой байна л даа. Үүнд цэрэг зэвсгийн гол хүчирхэг тулгуур нь нэгдүгээрт, цөмийн зэвсэг болсон. Хоёрдугаарт нь стратегийн холын зайд нислэг үйлддэг онгоцтой байх, гуравдугаарт нь тив алгасч цөмийн бөмбөг тээдэг шумбагч онгоц шаардлагатай болжээ. Дэлхийн хүчирхэг гүрнүүд эдгээрийг л өөртөө агуулж байна. Ийм зэвсэгтэй орнууд л цэрэг зэвсгийн хүчээр бусдыгаа ноёлох болж. Яг өнөөдрийн байдлаар АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Солонгос гээд улсууд зэр зэвсгийн хүчээр ноёрхох хандлагатай байна. Мөн хүчирхэг орнууд агаар сансрын орон зайг ашиглахыг санаархаж байна. Одоо бол дэлхийн сансрын уудамд янз бүрийн зорилго сонирхолтой 4500 гаруй аппарат ажиллаж байгаагийн 30 орчим хувь нь цэрэг стратегийн зориулалттай.
Түүнээс харилцан бие биенийхээ мэдээллийг авч тагнаж өөртөө ашигтайгаар ашигладаг үйл ажиллагаа явж байна. Нэг үе улс орнууд бүтээн байгуулалтын төлөө тэмцэж, нөхцөл байдал намжмал байсан. Одоо үндсэндээ эргээд хүчирхэг зэвсэглэлийн төлөө тэмцэлдэх болж. Тэр тусмаа НАТО-д Латви, Литва, Эстони гэх мэт хуучин социалист орнууд элсчихлээ. Украин, Гүрж элсэхээр санал тавьчихлаа. Эдгээр улсууд НАТО-д элссэнээр аюул занал Москвад ойртож ирж байгаа юм. Өнөөдөр АНУ-ын зэвсэглэлд хэрэглэж буй 1000 км-ийн тусгалтай пуужин тавхан минутад л байндаа очиж байгаа. ОХУ-ын тухайд гэнэтийн довтолгооноос л болгоомжилж байгаа л асуудал.
-Технологийн хөгжлийг дагаад дайны стратеги төлөвлөгөөнөөс гадна зэвсэглэлд ч өөрчлөлтүүд гарч байна шүү дээ. Энэ эринд нүсэр том армийн хэрэгцээ үндсэндээ алга болчих шиг…
-Төрөл бүрийн зэвсэг гарч байна. Зэвсэг техникийн хөгжлийг гадаад орнуудын парад жагсаалаас харж болно. АНУ-ын хэрэглэж байгаа 1000 км зайд таван минутад л байндаа очдог зэвсэг ашиглаж байна. Үүнийг хэт авианы пуужин гэж нэрлэдэг. Үүнийг цөмийн бус ердийн цэнэгээр цэнэглэдэг. Тэр бүү хэл АНУ 2025 он гэхэд зэвсэглэлдээ 160000 км-ийн тусгалтай тив алгасдаг пуужинг хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж байна. Нөгөө талд АНУ-ын алсын зайн стратегийн бөмбөгдөгч онгоц бий. Энэ бөмбөгдөгч онгоц цөмийн бөмбөг тээгээд цээлдээ хүртэл тусгаарлалтад явдаг. Цөмийн бөмбөг тээж яваа онгоцыг тойроод 10 гаруй онгоц аюулгүй байдлыг нь хангаж бөмбөгөө хаях газарт нь хүргэж өгдөг. Онгоцны цэнэг, шатахуун дуусахад агаарт нь цэнэглэдэг, халдлагад өртлөө гэж тооцвол автоматаар хамгаалдаг онгоц дагаад явж байдаг. Энэ бол цэргийн шинжлэх ухааны том дэвшил юм.
АНУ-ын зүгээс В2 гэх алсын зайн бөмбөгдөгч онгоцоо илүү боловсронгуй болгож В3 болгож стратегийн бөмбөгдөгч онгоц шиг болгож зэвсэглэлдээ оруулж байна. Энэ нь олон улсад аюул л дагуулж байгаа юм. Энх тайван аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа бусад орон зэвсэглэлээ бэхжүүлж байгаа орнууд байна. Нөгөө талд ОХУ зүгээр хараад суухгүй. Тив алгасагч “Сатан 2” пуужингаа агаар мандалд гаргах гэж байна. Байндаа ойрхон агаарт байрлуулах гээд байна шүү дээ. Дайснуудын ойролцоо байршуулаад сансраас харвах санаа гэж ойлгож болно. Мөн “Сатан 1”, “Сатан 2” пуужин нь туршилтаа орчихлоо. Зэвсэглэл туршина гэдэг хүнсний бүтээгдэхүүн туршиж гаргахтай адил биш. Асар олон жил туршдаг. Клашниковын автоматын жишээг энд дурдаж болно.
-Та зохион бүтээгч Калашниковтой уулзсан гэсэн шүү дээ. Калашниковыг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэрхэн туршиж байсан нь хүмүүст сонин байх. Өөрөө юу хэлж байх юм.
-Уулзаж ярилцаж байлаа. Калашников бууг нэвтрүүлэхийн тулд зургаан жил туршсан байгаа юм. Ус, элс шороонд булаад л -40, нэмэх 40 хэмийн халуун, хүйтэнд байлгаж туршаад зэвсэглэлд нэвтрүүлсэн талаар өөрөө хэлж байсан.
-Та сая хойд хөршийн армийн зэвсэглэлийн талаар ярилаа. Өмнөд хөрш БНХАУ ч зэвсэглэлийн тухайд хүчирхэг гүрэн шүү дээ…
-“Дунфан” буюу Дорнын салхи гэж пуужин байна. “Дунфан 1”-ээс “Дунфан 41” хүртэл туршиж сайжруулахад хамгийн ашигтай нь “Дунфан 17” болж таарсан. Энэ нь 6000 км хол бууддаг пуужин л даа. Мөн хятадууд агаар сансарт 100 гаруй хиймэл дагуулын аппарат хөөргөөд байна. Дэлхий нийтийн зэр зэвсгийн мэдээллийг авах гэж л тэр шүү дээ. Манайд ямар нэгэн жагсаал цуглаан, үймээн болоход аль хэдийнэ мэдчихсэн байна гэсэн үг. Сансраас л мэдээллээ авчихаж байгаа юм.
-Манайх хоёр том гүрний хооронд оршдог орон. Олон улсад ямар байр суурьтай байх нь манайд ашигтай вэ. Манайх ямар зэвсэгт хүчинтэй байх шаардлагатай вэ?
-Энэ хоёр гүрэнтэй аль болох тайван л харьцаж байх хэрэгтэй. Аливаа асуудал гарахад аль нэгийг нь онцолж муулдаг, нөгөөг нь хэт сайшаадаг нийтлэг хандлага манайд бий. Бид эн тэнцүүхэн л харьцах хэрэгтэйг ойлгох нь чухал. Манай өвөг дээдэс том хоёр гүрний дунд энэ газар нутгийг үлдээгээд явсан. Гадаадын зарим улсууд 10-аад оронтой хиллэдэг. Цаг тутам зөрчилдөөн гардаг. Бид бол тайван амгалан байна. ОХУ, БНХАУ гэсэн их гүрнүүдийн стратегийн гол бүс газар нь Монгол. Хэрэв Монголыг ОХУ авчихвал БНХАУ-тай хиллээд асуудал үүснэ. БНХАУ хэзээ ч Монголыг ОХУ-ын харьяанд өгөхгүй. Энэ хоёр их гүрэн найрсаг харилцаатай ч БНХАУ Монголыг эзэлбэл 1969 онд Даманы аралд гарсан богино хугацааны дайн шиг л нөхцөл байдал үүснэ. Хоёр их гүрний стратегийн гол зүйлийг зангидаж байгаа газар нь тайван амгалан Монгол Улс гэж ойлгож болно. Энэ хоёроос өөр гуравдагч орон манайх руу түрэмгийлж орж ирнэ гэсэн ойлголт байхгүй. ОХУ, БНХАУ-ын хилийг алгасч Монголын нутаг руу дайтдаг орон гэж хаана ч байхгүй биз дээ. Дахин онцлоход, бид бусад гуравдагч хөрш гэхээс илүү хоёр хөрштэйгөө эн тэнцүү харьцаж байвал өгөөжтэй. Ингэж байж л цааш хөгжиж, урагш алхана. Олон жилийн өмнөх сайн муу асуудлыг гаргаж тавиад ан цав суулгах нь зохисгүй. Энэ бол тухайн үеийн төр засгийн удирдлагын буруутай үйлдлээс ард түмний хооронд үл ойлголцол үүссэн асуудал. Үүнийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй.
-Манайх шиг улс орны зэвсэгт хүчин ямар байх хэрэгтэй вэ?
-3 сая гаруй хүн амтай улс оронд нүсэр том армийн шаардлага байхгүй. Чадварлаг цомхон Зэвсэгт хүчин л хэрэгтэй. Үүний тулд мэргэжлийн байх шаардлагатай.
-Мэргэжлийн гэдэг нь…
-Нэгдүгээрт, бүх нийтээр цэргийн алба хаах ёстой. 18-28 насны залуус заавал цэргийн алба хаах ёстой. Гэрээт болон дүйцүүлэх гэсэн асуудал байж болохгүй. Шаардлага гарахад дүйцүүлэн хаасан нөхөр үүрэг гүйцэтгэж чадахгүй. Буудаж чадахгүй шүү дээ. Мэргэжлийн гэдэг маань цэргийн албыг хоёр жил хаагаад шилдгүүдийг нь сонгон шалгаруулж аваад сургах хэрэгтэй. Хоёрдугаарт, манайд орчин үеийн зэвсэг техник хомс байгаа. Гадны орны хэрэглээнээс гарсан зэвсэгүүдийг тусламж дэмжлэгийн замаар авчихаад мундаг гээд байж болохгүй. Дэлхийн зэвсэгт хүчний цагаан номд Монголын зэвсэгт хүчинг “чадварлаг” гэж тэмдэглэсэн байдаг. Бид чадварлаг болохын тулд орчин үеийн зэвсэг, техник авах шаардлагатай. Үүнийг жил бүр авахгүй шүү дээ. Орчин үеийн нэг зэвсэг авахад л 20-30 жил хэрэглэнэ. Дүрэм журмаа батлаад мэргэжлийн чиглэл рүү орох цаг нь ирсэн. Нөгөөтэйгүүр цэргийн албыг зөвхөн эрэгтэйчүүд бус сайн дурын эмэгтэйчүүдийг армид алба хаалгах хэрэгтэй гэж хувьдаа үздэг.
-Зэвсэгт хүчний бэлэн байдалд ямар шалгуур тавьдаг юм бэ. Манайх хангаж чадаж байна уу?
-Зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангадаг үндсэн гурван шалгуур бий. Үүнийг хангасан Зэвсэгт хүчин ямар ч үед үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдаг. Нэгдүгээрт, үүрэг хүлээсэн алба хаагч дуудсан цагт, заасан газар бэлэн очих хэрэгтэй. Гэрээтээр алба хаасан улс очиж чадах уу гэдгийг бодох л хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн хүнийг очиход зэвсэг техник нь ажиллагаанд бэлэн байх ёстой. Өнөөдөр манай зэвсэг, техник, танк нь асаад хөдлөхөд бэлэн байна уу гэдэг асуудал. Гуравдугаарт, ирсэн хүн маань зэвсэг техникээ шууд ажиллуулж чаддаг байх ёстой. Энэ гурван байдлыг хангасан зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэх чадамжтай байна л гэсэн үг. Энэ дээр удирдлагын түвшинд онцгой анхаарах нь зөв. Өнөөдөр Улаанбаатар хотыг агаараас халхалж хамгаалах зүйл хэрэгтэй. Хэн дуртай нь сансраас бидний дотоод хэргийг ажиглаад сууж байж таарахгүй биз дээ. Хувийн зүгээс санал оруулж байсан ч энэ асуудал дэмжигдээгүй өнгөрч л байсан.
-Хилийн цэргийн тухайд ямар шалгуур тавьдаг юм бэ. Манайх ямар хэмжээнд байна?
-Хилийн цэргийг бэхжүүлэх хэрэгтэй. Хилийн цэргийн алба хаагчдын орон тоог өргөтгөж, орчин үеийн техникээр хангаж өгөх ёстой. Ямар нэг зэвсэг хэрэгсэл, хар тамхи гэх мэт хууль бус зүйлсийг нэвтрүүлэхгүй барьж байхын тулд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах ёстой.Үүнээс гадна урд хил Замын-Үүд, хойд хил Алтанбулагийн нөхцөл байдлыг та мэдэх байх. Урд хойд хилийг өөд нь татах хэрэгтэй талаар олон ч удаа ярьж байлаа. Энэ талаар санал ч оруулж байсан. Хилээр нэвтрэхэд л өнгө үзэмж, хамгаалалт нь шууд харагдана. Үүнийг бэхжүүлэх шаардлагатай.
-Таны тухайд чөлөөт бүсийн талаар байр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлдэг хүн. Чөлөөт бүс ямар байх ёстой юм бэ. Үүний ач холбогдол нь юу вэ?
-Чөлөөт бүс гэдэг тухайн улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж, Үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай асуудал. Манайх чөлөөт бүсийг Замын-Үүд, Цагаан нуур, Алтанбулагт нээгээд олон жил боллоо. Чөлөөт бүс байгуулахад 200 шахам тэрбум төгрөг зарчихаад бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм алга. Алтанбулагт л гэхэд архины хэдэн мухлаг нээчихээд чөлөөт бүс, Замын-Үүдэд эзэнгүй хашаанд урдаас орж ирсэн ачаа буулгачихаад чөлөөт бүс гэж нэрлээд сууж байна. Чөлөөт бүс гэж энийг хэлдэггүй юм. Чөлөөт бүс өөрийн гэсэн хуультай байдаг. Дэлхийн 140 гаруй оронд 1400 гаруй чөлөөт бүс хуулийн дагуу ажиллаж байна. Энийг стандартын дагуу байгуулах ёстой. 2017 онд намайг Засгийн газарт төсөл оруулахад хүлээн зөвшөөрсөн бол Замын-Үүдийн чөлөөт бүс ашиглалтад орчихсон байх байлаа. Энэ бүсийг журам ёсоор нь байгуулснаар эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна. Татваргүй барааг чөлөөт бүсийн хашаанд оруулахад тээврийн зардал, гаалийн татвар төлөхгүй. Үйлдвэрийн үнээрээ бараа материал нийлүүлэгдэнэ. Ийм л зүйлийг хийхгүй хоосон хашаа руу ачаа буулгаад сууж байна.
-Өнөөдрийн халуун сэдэв ОХУ болон Украины асуудлаар улс гүрнүүд янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны зүгээс ямар байр суурьтай байна?
-Дэлхий нийтийн анхаарал ОХУ, Украин дээр төвлөрөөд байна. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор улс орон бүр, бүр нарийвчилбал хүн бүр л өөр өөрсдийн хэмжээнд үзэл бодлоо илэрхийлж, тайлбарлаж байна. Зарим нь бодит нөхцөл байдлыг санаатайгаар гуйвуулах юм. Хэсэг нь мэдлэг, мэдээлэлгүй учраас өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Миний зүгээс ч хувийн байр сууриа илэрхийлье. Монголчууд дайн үзээгүй, мэдэхгүй. 1939, 1945 оны тулалдаанд орсон ахмадууд маань өнөөдөр цөөхөн үлдсэн. ОХУ-ын ард түмэн дайны гашууныг бие сэтгэлээрээ амссан. Өнөөдөр ч дайны шарх нь гүйцэд аниагүй л байна. Оросууд дайныг хүсээгүй. Украины баруун хэсгийнхний тухайд тэрс үзэлтэн гэж 17 дугаар зууны үеэс л уламжлагдаж ирсэн. Сүүлийн жишээг онцлоход л Дэлхийн хоёрдугаар дайны үед л тэрс үзэлтнүүд Германы талд урваад байлдсан байдаг. Эндээс олон хүн АНУ, Герман, Англи руу дүрвээд гарч явсан байдаг. Өнөөдөр Украинд үлдсэн тэрс үзэлтнүүдийг санхүүгийн тухайд дэмжлэг үзүүлээд турхирч байна. Дайны үүсэл нь энэ. Украины ард түмэнтэй ОХУ байлдах гээд байгаа асуудал биш. ОХУ, Украин бол Словени үндэстний хоёр том орон. Энэ утгаараа ч аваад үзсэн хоорондоо байлдах учиргүй. 1943 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард Украиныг ОХУ-ын арми чөлөөлснийг Украины жирийн ард ч мэдэж байгаа. Тухайн үед 200-300 метр өргөн Днепр мөрөнг гатлахад Оросын арми олон хүний амь насыг золиосолсон. Украиныг чөлөөлөх ажиллагаанд ОХУ-ын армийн сая шахам цэрэг эрс амь насаа алдсан байдаг. Энх цагийн бүтээн байгуулалтын үед ч ОХУ Украинд нисэх онгоцны үйлдвэр, танк үйлдвэрлэдэг газар зэргийг хийж өгсөн. Хийж өгсөн энэ их бүтээн байгуулалтыг Украин мартана гэж байхгүй шүү дээ. Бие биедээ ийм бүтээн байгуулалт хийж байсан улс харилцан буулт хийгээд дайны галыг зогсоосой гэж бодож байгаа. Гэхдээ энхийн гэрээ байгуулаад дайны гал унтрахад сайхан цаг ирэхгүй л болов уу. Гарын үсэг зураад цэргээ татаж болно. Украинд үрэгдсэн хүүгээ Орос эх мартах уу, Оросын бууны суманд өртсөн аав, ахыгаа украин хүүхэд мартах уу. Энэ сэтгэлийн шарх олон жил анихгүй. Өмнөх шиг тэврэлдээд зогсохгүй л байх даа.