Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвсүрэн: Шоронд хоригдож байгаа хүний хэвлэн нийтлэх эрхийг хязгаарладаггүй, харин ч хуулиар хүлээн зөвшөөрсөн || DNN.mn

“Глоб Интернэшнл” төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Э.Батүл гишүүний санаачлан, батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай болсноор гагцхүү сэтгүүлчид бус олон нийтийн мэдээлэл олж авах, түгээх эрх баталгаажсан


-Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Энэ эрхийг хаах зайлшгүй нөхцөл байдал гэж байдаг уу?

-Үндсэн эрхийг хязгаарлаж болох үндэслэлийг олон улсын хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зөвхөн “онцгой” нөхцөлд л гэж байгаа юм. Тэр нь үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээс урган гардаг. Улмаар хуульд үндэслэгдсэн байх ёстой. Бусдаар шоронд хоригдож буй, ял шийтгэл эдэлж буй гэдэг үндэслэлээр хязгаарлах, хясан боогдуулахыг зөвтгөдөггүй.

-Хорих ангид ял эдэлж байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулийн байгууллага нэг бус удаа хориглоод байна. Энэ нь хэр зөв зүйтэй үйлдэл вэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон үйлдэл мөн үү?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөөг ярихын тулд эхлээд мэдээллийн эрх чөлөөг анхааран үзэх ёстой. Мэдээллийг олж авах, эрж хайх, хүлээн авах, түгээх гэсэн дөрвөн бүлэг эрх бий. Үүнээс түгээх эрхтэй нь хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй илүүтэй холбогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хоригдлын хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаагүй. Харин ч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тухайлбал, өөрийн зардлаар өдөр тутмын сонин, сэтгүүл захиалах, хорих анги дахь номын санг үнэ төлбөргүй ашиглах, хорих ял эдлэх нөхцөл, журам, эрх, үүрэг, хязгаарлалтын талаар мэдээлэл авах, захидлаар харилцах эрхүүдийг нэг бүрчлэн нэрлэн зааж баталгаажуулсан байгаа шүү дээ. Иймд мэдээлэл олж авч болж байгаа цагт эцсийн зорилго болох түгээх эрх буюу хэвлэн нийтлэх эрхээ эдлэх нь зөв гэж хуульчийн зүгээс үзэж байна.

Нөгөө талаас, хуулийн байгууллага нь юунд үндэслэж хэвлэн нийтлэх эрх чөлөөг хориглож буй үндэслэлээ тайлбарлах ёстой. Ингэж чадахгүй бол нэжгээд бүү хэл ганц удаа байлаа ч хүний үндсэн эрхийг хуулиас гадуур дур зоргоор хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Харин хуулиас давсан журам байдаг юм бол түүнийгээ нэн даруй залруулж, эсвэл хүчингүй болгох ёстой. -Хорих ангид хоригдож байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж өлсгөлөн зарладаг тохиолдол олон бий. Гэтэл хэвлэн нийтлэх эрхээ эдэлж болохгүй гэх. Энэ хоёр эрхэд ялгаа байна уу?

-Аль аль нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн илрэн гарч буй арга, хэлбэрийн нэг. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хорих ангид суулт хийх, өлсгөлөн зарлахыг анх удаагаа хориглосон. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тэмцлийн хурц хэлбэр шүү дээ. Хоригдлын амь насанд халтай, хэн хэнд нь халтай байснаас энэхүү үйлдлийг хуулиар хориглосон болов уу. Мэдээж энэхүү эрх нь Үндсэн хуульд нийцсэн эсэх нь Цэцийн харьяалан шийдвэрлэх тусдаа асуудал болно. Харин хэвлэн нийтлэх эрхийг хориглоогүй байхад юунд үндэслэж ийн шийдвэрлэж буй нь хуулийн байгууллагад тавих асуулт мөн. Юунд үндэслэж хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан бэ?

-Бид ч үүнийг асуумаар байна. Орчин үед хүмүүжигчид үндсэн эрхээ эдлээд зогсохгүй сурч боловсрох, хөгжих эрхүүдээ ч бүрэн эдэлдэг болчихоод байгаа. Дэлхийн шилдэг сургуулиуд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хорих ангийн хүмүүжигчдийг сургаж, тэднээр бахархаж байна. Харин өнөөдөр Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулж байгаа нь учир дутагдалтай юм уу даа?

-Хөгжих эрх хаана байхаас үл хамаарч хүн бүрд хүртээмжтэй байх ёстой гэсэн үүднээс хоригдол байх хугацаандаа ч мэдлэг боловсролоо дээшлүүлэх, өөрийн зардлаар эрдмийн зэрэг хүртэл авах боломжийг холбогдох хуулиар нь олгочихоод байна шүү дээ. Энэ мэтчилэн хүний хөгжих эрхийг хориглох нь жинхэнээсээ тэр хүнийг “оюун санааны хоригдол” болгодог тул хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно.

Дэлхийн суутнуудаас авахуулаад Монголын алдартнуудаас шоронд байх хугацаандаа бичсэн олон ном зохиол, шүлэг, романыг нэрлэж чадахаар байна. Саяхны жишээ гэхэд л, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн ном түүнийг шоронд байх хугацаандаа хэвлэгдэж гарч чадлаа.

-Э.Бат-Үүл бол Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг санаачилж, батлуулж байсан хүн. Хэвлэлийн эрх чөлөөний хуультай болсноор монголчууд бид юуг хожив?

-Хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог хэдий ч бид бүхэн бүс нутагтаа энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна. 2021 оны байдлаар манай улс 180 орноос 68 дугаар байрт жагсаж байна. Дэлхийн энх тайван бус байгаа бүс нутгуудыг аваад үзэхэд бүгд л шахуу хэвлэлийн эрх чөлөөгөөрөө сүүл мушгидаг. Дайтаад байгаа Орос, Украин гэхэд л хэвлэлийн эрх чөлөө хаалттай буюу 150, 97 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан. Муу, сайн ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай болсноороо гагцхүү сэтгүүлчид бус олон нийтийн мэдээлэл олж авах, түгээх эрх баталгаажсан юм шүү дээ. Ардчиллыг амилахад хүчилтөрөгч лугаа үйлчилсэн. Бид бүхэн тэр агаараар нь амьсгалж байна.

1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцсэн УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны протоколыг шүүж үзэхэд, Э.Бат-Үүл гишүүн хэвлэлийн эрх чөлөөний талаарх ойлголт бусдаасаа илүү байсан нь харагддаг. Яахав хууль санаачлагчийн хувьд ийм байж болох ч тэр хүн өдийг хүртэл хугацаанд хэвлэлд гомдож байсан уу гэдэг нь их сонин. Хэвлэл мэдээллийн эсрэг зарга үүсгээд, гомдож гүйгээд байдаггүй цөөхөн хэдэн улстөрчдийн л нэг болов уу гэж хувьдаа хардаг. Цаашид үнэт зүйл, үзэл бодолдоо хэр үнэнч байсан бэ гэдгийг нь цаг хугацаа хэмээгч том шалгуур хэмжигдэхүүн харуулах биз. Өөр юу хэлэхэв.

-Өнөөдөр монголчуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар баталгаажуулж өгсөн хүн өөрөө энэ эрхээ боомилуулж байгаа нь хууль эрх зүйн алдаа юу, эсвэл үзэмжийн асуудал болчихоод байна уу?

-Нэг зүйлийг сонирхуулъя. Парламентаас хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлан гаргахгүй. Төр өөрийгөө сурталчилдаг явдлыг таслан зогсооё. Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонины үйл ажиллагааг зогсоогоод хувьчилъя. Радио, телевизийг үндэсний болгож өөрөөр хэлбэл, төрийн хараат бус, радио телевиз болгож хувиргая гэсэн санал байна. Нийлээд тогтоол гаргая гэж хэн хэлж байсан бэ гэвэл Э.Бат-Үүл гишүүн хэлж байсан байгаа юм. Энэ дагуу нь 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай ч болсон, дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан УИХ-ын 103 дугаар тогтоол ч гарсан. Хожим буюу 2005 онд Олон нийтийн радио, телевизийн хуультай боллоо шүү дээ.

-Ер нь Үндсэн хуулиар олгосон монгол хүний үндсэн суурь эрхүүд хаагдаж, боомилогдохын хор хохирлыг хуульч хүний хувьд та хэлж өгөөч?

-2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдрийг угтсан чуулган төрийн ордонд болоход европын холбооны Элчин сайд нь тодорхой хэлсэн. “Монгол Улс хүний эрхийг зөрчөөд байвал бид бүхэн хориг тавихаас өөр аргагүй ээ” гэдгээ мэдэгдсэн.

Нөгөө талаас, эрх баригчид Монгол Улсын холбогдох хуулийг судлаад үзэхэд, 300 гаруй хуулийн 800 гаруй зүйл, заалт хүний эрхийг зөрчиж байгаа талаар мэдээлсэн. Судалгаагаар зөрчил буйг тогтоосон юм бол энэ дагуу яагаад алхам хийж эхлэхгүй байгаа юм бэ. Цаана чинь хүний эрх гудамжинд, хорих ангид, сургууль цэцэрлэгийн орчинд гээд бүх шатандаа зөрчигдөж байна. Ороолтоо түлсний төлөө, олон таван үг цахим орчинд илэрхийлснийх нь төлөө хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчдөг. Энэ засаглал, эрх мэдлийн тэнцвэр, хуваарилалт ердөө хүний эрхэд л тулгуурлаж оршиж байгаа юм шүү дээ. Нэг шилгээвэл газар хөдлөлтөөс ч аюултай тул сайхан бүхнээ алдана. Эрхбиш үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа байлгүй дээ. Найдах л үлдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *