560 шинэ автобус иргэдэд үйлчилж эхлэх талаар болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломж бий эсэх тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа.
Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе
Гэхдээ нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе. Хоёрдугаарт, хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Шийдэх ёстой тулчихсан асуудал байгаа учраас цаг хугацаа хэрэгтэй. Хөрөнгө санхүүг босгож, төсөв дээр сайн суулгаж, гаднын компаниудтай гэрээ, хэлцлүүд хийлээ.
Тодорхой хугацаанд арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн.
Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно” гэсэн хариулт өглөө хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.