Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг боллоо || DNN.mn

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 954 км-ээс 1136 км буюу 19 хувиар өссөн ба тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 615.6 мянга буюу 2.6 дахин нэмэгджээ. Энэ нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ энэ сарын 30-нд бэлэн болно. 2022 оны тавдугаар сарын 15-нд ажил эхэлнэ. 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км замыг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөг гуравдугаар сарын 24-нд Ерөнхий сайдад танилцуулна. 2023 оны есдүгээр сарын 30-нд суурь төмөр зам, тулгуур байгууламжийг дуусгаж арванхоёрдугаар сарын 31-нд тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгана. Харин 2024 оны дөрөвдүгээр сарын 30-нд рес төмөр тавьж тавдугаар сарын 31-нд цахилгааны холболтуудыг хийгээд туршилтын вагоныг явуулах нарийн хуваарьтай ажиллана” гэв.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд буй.


Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Б.Нямдорж “Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос үндэсний сэтгүүлзүй, тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 109 жилийн ойн хүрээнд “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй хамгийн том асуудал бол түгжрэл. Энэ талаар нийслэлийн удирдлагууд маань ямар төлөвлөгөөтэй ажилладаг, судалгаа шинжилгээ хийсэн эсэх, түгжрэлийг бууруулах гарц гаргалгаа байдаг эсэхийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж нийгэмд ил тодоор харуулахыг зорьсон. Гарах үр дүн нь цаг хугацааны асуудал” гэлээ.

Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдөр буюу 1 сарыг түгжрэлд өнгөрүүлж байна. Дундаж насыг 65 гэж тооцоход амьдралынхаа 4.4 жилийг замын хөдөлгөөнд түгжрэлд өнгөрүүлж байгаа юм.<strong></strong>


Нийслэлийн хот байгуулалтын газрын дарга Ц.Тулга “Түгжрэлгүй болгох нь хот байгуулалтын хөгжлийн үйл явцаас гадна иргэдийн оролцоо чухал. Мөн төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэр, бүтээн байгуулалттай холбоотой. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлууд хийгдэж байгаа ба Монгол улсын засгийн газарт хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэл ажил хангагдсан. Цаашлаад Монгол Улсын их хурлаар оруулж хэлэлцэж байж ерөнхий төлөвлөгөө маань батлагдах ёстой. Уг төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжих үндсэн бичиг баримт маань бий болно. Тэр баримт бичгийнхээ хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгачдын төслүүдийг боловсруулж хотын хөгжлийг гаргана” гэсэн юм.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *