70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд Улаанбаатарын цагаар 08.00 цагт эхэллээ.
Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилууллаа. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болж, тайзнаа алхав.
Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан туршлагатай юм.
Энэ жилийн “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ.
Манай улс “Дэлхийн мисс” тэмцээнд 2005 оноос оролцогчид оролцож эхэлсэн юм. Монголоос 2016 онд А.Баярцэцэг “Дэлхийн мисс”-ийн “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байв.