Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс усны салбарт, ялангуяа усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Энэ хүрээнд голын сав газрын гол байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай гэжээ.
Азийн хөгжлийн банк усны салбарт 2018–2030 онд үндсэн таван чиглэлийн дагуу хөрөнгө оруулалт нэмэх шаардлагатай гэсэн ерөнхий тооцоогоо 2020 оны тайландаа тусгаж байсан юм. Үүндээ төрийн байгууллага, оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, дэмжих, усны нөөцийн салбар дундын үнэлгээ хийх шаардлагатай гэж дүгнэжээ.
Усны хомсдол хоол хүнсний гачигдал, уснаас үүдсэн бүс нутгийн чанартай мөргөлдөөн болон эдийн засгийн өсөлт удаашрах, байгаль орчны доройтол зэрэг олон хямралын эх үүсвэр болдог.
Энэ утгаараа хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь гол шийдлүүдийн нэг юм.
Монголд усны нөөц бусад орнуудтай харьцуулахад хязгаарлагдмал нөөцтэйд тооцогддог. Судалгаагаар 2020 оны байдлаар Монгол Улсын хойд хэсгээр жилд дунджаар 350 мм, говийн цөлөрхөг өмнөд хэсгээр 80 мм хур тунадас ордог, өөрөөр хэлбэл харьцангуй хур тунадас багатай юм.