“ЯАГААД БАГШИЙГ ХУВЬ ХҮНИЙ БОЛОВСРОЛ, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА ТАЛААС НЬ ҮНЭЛЭХГҮЙ, ТАВАН ШИРХЭГ ХАВТСААР ҮНЭЛЭЭД БАЙГАА ЮМ”
Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 500-гаад иргэний байгууллага, сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, боловсрол соёлын байгууллага, сэтгэл зүйн төвүүд оролцсон байна. Энэ үеэр нийслэлийн ХУД-ийн Аравдугаар сургуулийн эрүүл мэндийн багш О.Анхбаяртай ярилцлаа.
-Аравдугаар сургууль хотоос алслагдсан сууринд байрладгаараа онцлогтой. Орчин тойрноосоо хамаараад хүүхдүүд хоорондын харилцаа ямар байдаг вэ?
-Миний ажигласнаар хотын захын хүүхдүүд илүү хүмүүжилтэй, эрт төлөвшсөн байдаг. Манай хүүхэд хотын төвийн сургуульд сурдаг. Энэ дээр би багш, эцэг эх, сурагчийн хэнийг нь ч буруутгамааргүй байна. Хувь хүнийг л буруутгамаар байгаа юм. Өнөөдөр би энэ самсунг галакси нөүт-5 гэдэг утсыг албаар барьж ирлээ. Би энэ утсыг бариад хоёр жил болж байна. Урьд нь миний хүү барьдаг байсан юм. Гэтэл миний хүүг хэн нэгэн “Утсаа гаргаад ир, нокианы өмнөх загвараа” гэж хэлсэн байна лээ. Адилхан тавдугаар ангийн хүүхэд IPhone pro max 12 барьдаг. Гэтэл тавдугаар ангийн хүүхэд IPhone pro max 12 барих ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ. Эцэг эх нь хүүхдэдээ юу авч өгч, юу бариулах нь өөрсдийнх нь дур, хүний эрх. Гэхдээ тэр хүүхэд тийм утас барих хэрэгцээ шаардлага байгаа юу гэдэг асуудал үүсч байна. Үүнээс нийгмийн давхаргын хамгийн наад захын ялгаварлан гадуурхах, дээрэлхэх асуудал гарч ирж байгаа юм. Үүнд эцэг эхчүүд өөрсдөө буруутай. Өөрсдөө хүүхдэдээ наадах чинь ядарсан ядуу айлын хүүхэд, тэднийх чинь архичин айл, битгий тэр хүүхэдтэй нийл, удам муутай айл, тэднийх ядуу хол байгаарай гэх мэтээр хүүхдээ ятгадаг. Эцэг эхчүүд ч биш, нийгэмд энэ асуудал байгаад байна. Нийгэм өөрөө тийм давхаргыг үүсгээд байгаа. Саяхан Орчлон сургуулийн хүүхэд ангийнхаа хүүхдийг шоолж буй бичлэг яваад байсан даа. “Танай гэр Нарны хороололд байдаг байж чи яаж Орчлон сургуульд сурдаг юм. Танайхан чиний сургалтын төлбөрийг чинь яаж төлдөг юм бэ.
Төлж дийлдэг юм уу” гэж тавдугаар ангийн хүүхэд ярьж байна шүү дээ. Юун тэр Б.Бааварын хүүхдийн сенсаци. Яг үүн дээр сенсацилах ёстой байхгүй юу. Одоо дөнгөж 10-11 настай хүүхдүүд нийгмийн давхаргыг ийм болтол ярьж байна, нэгнийгээ ялгаж байна. Фэйсбүүк дээр таглаж байна гэдэг чинь тэр хүүхдийг хичээлдээ явах сонирхолгүй болтол нь дээрэлхэж байна гэсэн үг. Тэгэхээр нийгмийн давхарга гэдэг зүйл байсан ч хүн сэтгэл санаа, харьцаагаараа үгүй хийх ёстой гэж би маш сайн хэлмээр санагдаад байгаа юм.
-Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд багш нар юу хийх ёстой вэ?
-Хүнтэй байгаагаараа л харьц. Хүнийг байгаагаар нь л хайрла. Хүнийг байгаагаар нь л хүндэл. Тэгээд л боллоо. Өнөөдөр тэр хүн ядуу байна уу, тахир дутуу байна уу, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн давхарга гээд тэр хүнийг юугаар нь ч битгий ялга. Хувь хүнийг нь л хүндэлж харьц. Үүнийг эцэг эхчүүд, багш нар хүүхдүүддээ багаас нь ойлгуулах л хэрэгтэй байгаа юм л даа.
-Таны хувьд хэддүгээр анги дааж авсан бэ?
-Би одоогоор анги дааж аваагүй. Таваас дээш ангиудад эрүүл мэнд, иргэний ёс зүйн хичээл ордог. Би өөрийнхөө ордог ангиудад энэ сэдвээр голчлон заадаг. Энэ сэдвээр Карл Воппер болон парламентын мэтгэлцээн зохион байгуулдаг. Хүүхдүүд маань маш нээлттэй оролцдог. Тэгэхээр хүүхдүүд нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй байх үзлийг суулгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа юм болов уу гэж боддог.
-Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт ямар хичээл оруулж байж энэ байдал багасах бол?
-Хувь хүн рүү чиглэсэн, хувь хүний ёс зүйн хичээл түлхүү оруулбал багасах байх. Одоо тэгэхгүйгээр багш нарыг зөвхөн ЭЕШ-ын оноогоор л үнэлдэг болчихсон. ЭЕШ-д хүүхэд нь хэр өндөр оноо авсан тэр багшийн үнэлэмж төдий чинээ гарч ирдэг. Сургуулийн үнэлэмж нь төдий чинээ өсдөг. Яагаад хувь хүний боловсрол, хувь хүний харилцаа хандлага талаас нь багшийг үнэлэхгүй байгаа юм. Яагаад багшийг зүгээр л таван ширхэг хавтсаар үнэлээд байгаа юм. Тэр таван хавтсаар үнэлэх ёстой ч юмуу, үгүй ч юмуу.
-Багшийг үнэлэх үнэлгээнээсээ эхлээд буруу гэсэн үг үү?
-Бүх зүйл нь буруу болчихсон. Ерөөсөө багш ажлаа үнэлүүлэхийн тулд таван ширхэг хавтас л маш гоё бэлдсэн байхад тэр хүүхэд юу сурсан сураагүй байх нь хамаагүй. Улсаас ирж байгаа шалгалтын багцаа багшид байгаа шүү дээ. Иймэрхүү маягийн зүйл ирнэ дээ, ингээд бэлдчихвэл энэ шалгалтыг үнэлүүлчихнэ гэсэн ухагдахуун зарим нэг багшид суух гээд байна. Үнэхээр сэтгэлээрээ ажилладаг зарим нэг багш нар байна. Тэгэхээр бүх багш нарыг ч бас буруутгаж болохгүй л дээ.
ЭНД ЦУГЛАСАН БАЙГАА БҮХ ТОМЧУУДААС АСУУЯ. ДАХИН ИЙМ ЯВДАЛ ТОХИОЛДВОЛ ХЭНД ХАНДАХ ВЭ
Хэлэлцүүлэгт ирсэн хүүхдүүд сэтгэгдлээ илэрхийлэх үеэр нийслэлийн 72 дугаар сургуулийн сурагчийн төлөөлөл ярихдаа “Би үе тэнгийн сургагч багшаар суралцаад нэг жилийн хугацаанд үеийнхэндээ зөвлөгөө өгсөн. Энэ хооронд янз бүрийн шалтгаанаар надаас хүүхдүүд зөвлөгөө авч байсан. Миний нэг найзад тохиолдсон ганцхан жишээг л энд ярья. Найз маань бэлгийн дарамтад өртсөн. Түүнийгээ надад яриад уйлсан. Би түүнээс сонсоод цагдаа, багш, нийгмийн ажилтандаа хэлье гэхэд “Би дараа нь яах юм бэ. Ганц удаа л арга хэмжээ аваад өнгөрнө. Гэтэл дараа нь намайг харанхуйд ганцаараа явж байхад бариад авбал яах юм бэ” гэсэн. Энд цугласан байгаа бүх томчуудаас асууя. Цагдаа, багш нараас асууя. Тухайн үед дотуур байрны сурагч охиныг буудсан хэрэг гараад бид бүгд айдастай байсан. Хэрвээ миний найзад дахиад тийм зүйл тохиолдвол яах вэ. Бид хэнд хандах вэ. Өсвөр насны охин хүчирхийлүүлчихээд тэр тухайгаа хэнд ч хэлж чадахгүй, хэлсэн ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй ганц удаа баривчилсан болоод өнгөрөөд байвал бид яах ёстой юм бэ. Та бүхэн үүнд шийдэл олж хариулж өгөөч” гэв. Үргэлжлээд нээлттэй микрофоноор 63 дугаар сургуулийн нийгмийн ажилтан саналаа хэлэв. Тэрээр ярихдаа “Сургууль бүр сэтгэл зүйчтэй болох саналыг Боловсролын яаманд тавимаар байна. Хүүхэд бүр гэр бүл, орчин тойрныхоо ямар нэгэн харилцаанд орохдоо ойлгомжгүй асуудалд орж түүнийгээ хэнд хэлэх, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байна. Үүнээсээ болж сэтгэл зүй нь хямарч хичээл хийх идэвхгүй болох тохиолдол олон байна. Цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр болон иргэний ёс зүйн хичээлийг чанартай заах нь зөв” хэмээлээ.
ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МАНАЙ СУРГУУЛЬД ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДАЛ ХАРЬЦАНГУЙ БУУРСАН
Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар нийслэлийн 52 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Э.Анартай ярилцлаа.
-Танай сургуульд үе тэнгийн дээрэлхэлт хэр зэрэг ажиглагддаг вэ?
-Энэ чиглэлийн үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Би тус сургалтад суугаад үе тэнгийнхэндээ сургалт хийдэг болсон. Энэхүү сургалт орж эхэлснээс хойш манай сургуульд дээрэлхэлтийн асуудал харьцангуй буурсан. Яаж буурсан бэ гэвэл дээрэлхэлт гэдэг зүйл буруу гэдгийг тайлбарлаж таниулснаар хүүхдүүд мэддэг болж эхэлсэн. Түүнээсээ шалтгаалаад үе тэнгийн дээрэлхэлтийг үйлдэж болохгүй. Би дээрэлхэлтэд өртсөн ч өөрийгөө хамгаалаад бусдад мэдэгдэх ёстой гэдгээ ойлгочихсон учраас манай сургуульд энэхүү асуудал гарахаа больсон гэдгийг итгэлтэй хэлмээр байна.
-Сургалт хэзээнээс эхэлсэн юм бэ. Чи хэр удаан бэлтгэгдээд үеийнхэндээ зааж зөвлөх болов. Сургалтаас өмнө танай сургуульд иймэрхүү асуудал хэр гардаг байв?
-2020 оны есдүгээр сараас анх энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Би хамгийн анхны гишүүн болон элссэн. Үүнээс хойш өөрөө нийт 16 цагийн сургалтад суугаад “Үе тэнгийн багш” гэсэн сертификат гардаж аваад 2020 оны аравдугаар сараас хойш үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Үүнээс гадна өөрийнхөө сургууль дээр арваннэгдүгээр ангийнхандаа сургалт орж байсан. Одоо аравдугаар ангийнхандаа сургалт орохоор бэлтгэж байна.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг юм бэ?
-Хоорондын харилцаа болон жендерийн асуудлаар ихэвчлэн ханддаг. Дээд ангийн ах нар доод ангийнхнаа их дээрэлхдэг. Ялангуяа эрэгтэй дүү нараа их дээрэлхдэг. Би ингэж дээрэлхдэг байсан юм чинь адилхан дээрэлхэх ёстой гэсэн хандлагатай байдаг. Охидын хувьд ихэвчлэн гадаад байдал, үзэмж, үсний засалт, нүүр будалт, өмссөн хувцас, зүүсэн үнэт эдлэлээр нь ялган харьцдаг.
-Энэ сургалт хөтөлбөр цаашид үргэлжлэх үү. Хэрвээ зогсоод ямарваа нэгэн байдлаар дээрэлхэлт ихэсвэл яах вэ?
-Ийм асуудал цаашид нэмэгдэхгүй гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Яагаад гэвэл би төгсөөд явсан ч эргээд би дүү нараа бэлтгэчихсэн байгаа. Энэ сургалтад суусан дүү нар маань үргэлжлүүлээд үе тэнгийнхэндээ хэлж ойлгуулаад, дээрэлхэлт гэдэг зүйлийг аль болох гаргуулахгүй байх чиглэлээр ажилласаар байх болно. Манай сургууль энэ чиглэлээр маш сайн ажилладаг. Ялангуяа манай сургуулийн нийгмийн ажилтан бид нартай байнга хамтран ажилладаг. Дээрэлхэлт гэдэг асуудал багасна уу гэхээс нэмэгдэхгүй.
ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДҮҮД ИХ ХЭЦҮҮ НӨХЦӨЛД АМЬДАРДАГ
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд өөрсдөдөө тохиолдсон явдлыг ярьсан бичлэг үзүүлсэн юм. Тус бичлэгт “Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд их хэцүү нөхцөлд амьдардаг. Дээд ангийн ах нар нь байнга дээрэлхдэг. Ар гэрээс нь ирсэн хоол хүнс, цагаан идээг байнга булааж авдаг. Үүнийг нь дотуур байрны багш нар нь мэддэг ч эвлэрчихсэн. Ерөөсөө байдаг л асуудал мэт тоодоггүй”, “Дотуур байрны багш нар өөрийгөө тэр байрны эзэн нь аятай боддог. Энэ байр чинь миний хамааралтай. Би хариуцдаг гэж биднийг загнадаг. Тэгээд хүүхдүүдийг хэлэх ёсгүй элдэв үгээр харааж, зүхдэг. Цохиж авах ч тохиолдол байдаг”, “Нэгдүгээр курст хөдөөнөөс орж ирэхэд хэт туранхай гэж байнга дээрэлхдэг. Түүнээсээ болоод байнга зоддог. Ийш тийшээ дандаа архиндаа гүйлгэдэг. Согтуу орж ирээд дэг хийлгэдэг. Ялаа алуулдаг.
Тэрнээсээ болоод дотуур байрандаа шөнө унтаж чадахгүй байнгын айдастай болсон. Айгаад дотуур байрнаасаа гарч найзындаа амьдардаг, айлаар хэсдэг тохиолдлууд ч бий. Дээрэлхэлтээс болоод сургуулиас гарсан миний ойрын хүнд тохиолдсон явдал ч байгаа”, “Дээд ангийнхны дээрэлхэлтээс болоод дотуур байранд орохоосоо ч айдаг. Хол хөдөө орон нутгаас ирж байгаа мөртлөө дотуур байрныхны дарамтаас болоод сургуулиас гаргаж өгсөн зориулалтын байранд орж чадахгүй илүү үнэтэй түрээсийн байранд амьдардаг. Нэг ёсондоо дотуур байр цэрэг шиг хаалттай системтэй. Би цэргийн албанд яагаад яваагүй гэхээр миний мэдэх маш олон кейс байгаа, цэрэгт яваад нас барсан хүмүүсийн. Түүнээс айгаад цэрэгт яваагүй. Дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт бараг тэр хэмжээнд хүрч байгаа” хэмээн ярьцгааж байлаа.
ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ ӨӨРӨӨСӨӨ ӨӨР, ЯЛГААТАЙ ЗҮЙЛЭЭС АЙДАГ
Хэлэлцүүлгийн үеэр “Монголын сэтгэл зүйчдийн холбоо” нийгэмлэгийн төлөөлөгч, сэтгэл зүйч Б.Номинтой ярилцлаа.
-Хүүхдүүдтэй сэтгэл зүйн талаар ажиллахад ямар байдаг вэ?
-Би сэтгэл зүйчээр ажиллаад 11 жил болж байна. Үүнээс ихэнх хугацаанд нь хүүхэдтэй ажилласан. Сургуульд сэтгэл зүйчээр ажилладаг байлаа. Багш нартай ажиллана. Мөн эцэг эхчүүдтэйгээ ч ажилладаг. Хүүхдүүдэд өөрсдөд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?
-Хэдэн тодорхой бүлэг шалтгаан бий. Сэтгэл зүйчид хандах хамгийн том шалтгаан жишээлбэл, сургуулийн орчинд сэтгэл зүйн дарамт стресстэй байдаг. Шалтгаан нь янз бүр. Гэр бүлийн харилцаа, сургуулийн орчин. Ихэнхдээ сэтгэл санааны хямралд орсон, харилцааны зөрчилтэй, нэг нэгэнтэйгээ ойлголцохгүй байх, өөрийгөө илэрхийлж ойлгуулж чадахгүй байх, ямар нэгэн айдас түгшүүр байгаа гэсэн шалтгаануудаар голцуу ханддаг.
-Үе тэнгийн дээрэлхэлтээс болж хүүхдүүд хэр ханддаг вэ?
-Сэтгэл зүйчид хандаж байгаа нэг бүлэг шалтгаан нь үе тэнгийн харилцаатай холбоотой асуудал байдаг. Үе тэнгийн харилцаа гэхээр ихэнхдээ гадуурхалт, дээрэлхэлт ордог. Ангидаа сургуульдаа, найзууддаа гадуурхагдсан, дээрэлхүүлсэн асуудлууд байдаг.
-Энэ үед нь хүүхдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нь юу зөв, юу буруу, юу сайхан гэдгээс болж үүсдэг. Тарган хүүхэд муухай. Туранхай байх ёстой. Эсвэл хэтэрхий өндөр нь муухай. Өндрийн хэмжүүр ийм л байх ёстой гэсэн стандарт байдгаас болдог. Түүнчлэн ээж аав нь энэ хүүхэд арчаагүй, ийм хүн сайн, энэ муу гэдэг ч юмуу ийм хандлага итгэл үнэмшил суулгачихсан байдаг. Уг шалтгаан нь иймэрхүү. Хүний сэтгэл зүйн онцлог өөрөөсөө өөр байгаа, өөрөөсөө ялгаатай зүйлээс айдаг. Хоёрдугаарт, эрх мэдэл олж авах сэтгэл зүйн шалтгаантай. Өөрөөр хэлбэл, хэрвээ би бусдаас илүү хүчтэй, түүнийгээ харуулж чадах юм бол намайг хүндэлнэ. Намайг хайрлана гэж боддог. Үнэхээр тийм. Яагаад гэвэл хэн хүчтэй байна, хэн эрх мэдэлтэй байна тэр хүнд бусад нь хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүнд илүү давуу тал олгодог. Тэр хүн илүү байр суурьтай. Тухайн хүнд хүн халддаггүй. Түүнийг хараад хүүхдүүд өөрийгөө хамгаалахын тулд би бусдыг дээрэлхэх ёстой юм байна, өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд би бусдыг эрхшээлдээ байлгах ёстой юм байна гэсэн автомат бодол бага байхаас нь эхлээд суучихдаг.
Сэтгэл зүйчид үүнийг харилцааны чадвар доогуур байх, өөрийгөө илэрхийлж, өөрийгөө хамгаалж, бусадтай эв зүйтэй харилцаж чадахгүй учраас илүү дээрэлхэх магадлалтай гэж үздэг. Дээрээс нь өөрөө хангалттай аюулгүй мэдрэмж гэр бүлийн харилцаанаасаа авч чадахгүй учраас бусдыг хүчирхийлэх байдлаар өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалдаг гэсэн сэтгэл зүйн далд шалтгаан байгаа юм.
-Далд шалтгааныг олсон тохиолдолд тэрхүү байдлаас хэрхэн гарах вэ?
-Дээрэлхэлтэд өртөөд хохирогч болчихсон хүүхэд тухайн агшинд юу ч хийж чадахгүй байх, сул дорой байх хохирогчийн сэтгэлгээ суучихдаг. Энэ хамгийн аюултай. Өөрөө дараа нь эсэргүүцэхгүй байх, өөр ангид шилжсэн ч дахин дээрэлхэлтэд өртөөд байдаг.
Сул дорой харагдах байдлаараа бусдад дээрэлхүүлэх объект болчихдог. Өөрийгөө сул дорой гэж боддог. Би юу ч хийж чадахгүй, надад хэн ч туслахгүй, би муу юм чинь гэдэг сэтгэл зүйг өөрчлөхөд сэтгэл зүйч тусалдаг. Чи бол хүчтэй, чи сайн, чи өөрийнхөө хамгийн сайн туслагч, чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй, чамд хүмүүс тусална гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Дээрэлхэлт, гадуурхалтад үзүүлэх тусламж цогц байх хэрэгтэй. Үүнд нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүд, цагдаа гээд бүгд оролцох нь илүү үр дүнтэй.