Үүрэглэх, зүүрмэглэхийн дундуур шороон замаар 100 гаруй км сэгсчүүлсээр сүүлдээ дорвитойхон донслохыг аяандаа мэдэрч, суудлаасаа өндөлзөхөд “сургаад” амжив. Шөнөдөө жиндүүхэн байсан ч говийн наран цэлийсэн талаас, мэлсхийн мандахад хэзээний урин хавар айлчлан ирснийг сануулах аж. Улаанбаатар хотоос Монгол Улсын эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлах сэтгүүлчдийн багийнхан ийнхүү зорьсон газраа ирлээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын 111 дүгээр км дэх шинээр төлөвлөсөн өртөөнөөс үргэлжлүүлж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн Ханги боомт хүртэл 226.9км үргэлжлэх юм. Ийнхүү тус уулзварын эхлэлийн цэг дээрээс нээлтийн ажиллагаа хийхээр тус бүтээн байгуулалтын ажилд оролцох аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгчид, сум орон нутгийн удирдлагууд болоод холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчид бэлтгэл байдлаа бүрэн хангажээ. Тус бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар болон холбогдох албаныхан оролцлоо.
Л.Оюун-Эрдэнэ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг богино хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийг тэлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон ажил болох Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлж чадсан. Харин өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлж байгааг онцолсон юм. Мөн тэрээр “Манай улсын эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байснаа дахин сануулж, цаашид нийт боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн гэдгээ хэллээ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг ч дурдлаа. Монгол Улсын Засгийн газраас энэ сард Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ханги-Мандалын энэхүү төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ, томоохон боломжууд нээгдэнэ гэлгийг хэлж байна.Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Бид саяхан БНХАУ-ын талтай хил холболтын цэгийг тохирсон. Уг тохиролцооны дагуу төмөр замаа БНХАУ-ын талтай холбох ажлыг долдугаар сард багтааж хийнэ. Мөн ачиж, буулгах терминал байгуулна. Манай улс БНХАУ-ын гангийн гол үйлдвэрлэгчдийн нэг болох Бугат хоттой шууд холбогдох гарц нээж байгаа нь олон жилийн өмнөөс төр засаг төлөвлөж ирсэн, стратегийн шинэ гарц хэмээн ойлгох хэрэгтэй. Бид цаашид, Бичигт боомтыг болон бүх боомтоо төмөр замаар, авто замаар холбож, Замын-Үүдийг Алтанбулагтай хурдны замаар холбож чадвал манай улсын эдийн засаг тэлнэ. Товчхондоо Монгол Улсын эдийн засгийн багтаамж жилдээ 40-50 их наяд төгрөг байдаг. Энэ үнийн дүнг бид 150-200 их наяд төгрөгт хүргэж байж эдийн засгийн суурь тэлж, нийгмийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж чадна. Цаашид Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, Таван толгойн нүүрс болоод энэ хавьд байрлаж байгаа 10 гаруй ордуудын үнэлгээ өсөх учраас Ханги- Мандалын боомт эдийн засгийн хувьд туйлын чухал ач холбогдолтой. Зүүнбаян -Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг зургаан сарын дотор барьж дуусгах томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ ажлыг Засгийн газраас бүх талаар дэмжинэ. Хэрэв уг бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж чадвал цаашид монголчууд бүх төмөр замаа өөрсдөө бие даан гүйцэтгэх боломжтой гэдгээ харуулж чадах юм. Нэг үгээр Ханги-Мандалын бүтээн байгуулалт эхэлж байгаа нь Монгол Улсын ачаа тээвэр, эдийн засгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг онцоллоо.
Л.Халтар: Төмөр замын төслүүд дотроос хамгийн өндөр үр ашигтай нь учраас богино хугацаанд барихыг зорьж байна
Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: “Бид өнөөдөр гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад хүлээж авахын өмнөхөн дараагийн бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлж байна. Говийн бүсэд харьцангуй замын хэвгий аятайхан. Төмөр замын трассын хувьд өмнөх төмөр замын трассуудтай харьцуулахад харьцангуй ажиллагаа багатай. Энэ талаасаа Ханги чиглэл рүү газрын хэвгий ерөнхийдөө уруу учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд бага байх давуу нөхцөлүүд бий. Өмнө нь иргэд Зам-Үүд боомтоор амьдрал үргэлжилж, Гашуун сухайтаар нүүрс гарч байна гэж ярьдаг байсан. Харин цар тахлын үед хил хаагдахад бид ямар боомт дээр, яаж анхаарч, ямар хүчин чадлаар ажиллаж байсан бэ гэдэг үнэнтэй нүүр тулж, энэ бодлогоо эргэж харах шаардлага тулгарсан. Өөрсдийн алдаа дутагдлаа ч олж харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй олон жил болсон нь ариутгалын төмөр хаалганы дүр зурагнаас л харагдаж байсан. Энэ бүхнийг эргээд харахад Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор эхний ээлжинд 20 сая тонн ачаа тээвэрлэнэ. Цаашлаад төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, одоо байгаа зургаан зөрлөгийг 8-10 болгочихвол өнөөдрийн дурдаж байгаа 20 сая тонн ачаа 30-35 сая тонн хүртэл нэмэгдэх боломжтой. Магадгүй цаашид ОХУ-аас транзит тээвэр энэ төмөр замаар явдаг болохыг үгүйсгэх аргагүй. Бид энэ хүчин чадлыг эртнээс тооцож байх ёстой. Цаашид транзит тээврийн тоо нэмэгдэж, энэ бүс нутагт байгаа уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орох юм бол уг төмөр зам хоёр замтай болохыг үгүйсгэхгүй. Ийм том ирээдүй Хангийн төмөр замыг хүлээж байгаа.
Б.Жавхлан: Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх учраас Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй
Сангийн сайд Б.Жавхлан: “Монгол Улсын Шинэ сэргэлтийн зургаан бодлого, тэр дундаа боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил буюу Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын ажил ийнхүү эхэлж байна. Энэ бол бидний хувьд эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Эрээнцав, Сүхбаатар, Замын-үүд гэсэн гурван боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Тэгвэл тун удахгүй Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам хил дээр очиж бүрэн дуусна. Мөн энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд өнөөдөр эхлэл нь тавигдаж байгаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хил дээр очсоноор үндсэндээ манай улсын таван боомт төмөр замаар холбогдоно гэсэн үг. Шинээр тавигдаж байгаа хоёр төмөр зам бол манай Үндэсний төмөр замын сүлжээ гэдгээрээ онцлогтой. Эрээнцав, Замын-Үүд, Сүхбаатар боомтын төмөр зам бол Уаанбаатар Төмөр замын сүлжээ. Үндэсний төмөр замын сүлжээтэй болж байгаа нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Замын-Үүд хийлийн боомтоор өдөрт транзит тээврийн 14 цуваа гарах боломжтой. Тэгвэл энэ ачааллыг дээрх хоёр төмөр замын боомтууд хуваалцах учраас хилээр экспорт гаргах боломж 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Бид ойрын жилүүдэд ДНБ-ээ өсгөх зорилт тавьсан. Түүнийг хэрэгжүүлэх бас нэг том гарц нээгдэж байна.
Б.Баяржаргал: Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг нийт 400 сая ам.долларын хөрөнгөөр барина
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Энэ үеэр Монголиан транс лайн компанийн Ерөнхий захирал Б.Баяржаргал хэлэхдээ, Манай компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээний дагуу зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгөөр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих ажлаа эхлүүлсэн. Манай хамт олон Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 130 орчим км төмөр зам тавьсан туршлагатай. Уг туршлагынхаа дагуу бүх инженер, техникийн ажлаа боловсруулсан. Тус бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн ЗХЖШ-ын дөрвөн анги нэгтгэл ихэвчлэн хил орчмын бүтээн байгуулалтад оролцохоор болсон. Учир нь хилийн бүс олон улсын хэлэлцээрийн дагуу зурвас газар нь 100 км байхаар заасан учраас эхний 50 км дээр дурдсан ЗХЖШ-ын анги нэгтгэлүүд оролцоно. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих тооцоолол гарсан. Эхний санхүүжилтээ бид хувийн хөрөнгөөр гаргахаар тооцсон бол дараа дараагийн санхүүжилтийг төслөөрөө босгохоор төлөвлөсөн. Хуваарьт төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Чанарын тухайд энэ бол гуравдугаар зэрэглэлийн төмөр зам.Энэ зэрэглэлийн төмөр замыг барих тогтсон стандарт гэж бий. Уг стандартыг хангасан буюу 1000 мм радусаас бага тахиртай, ачаатай талдаа зургаагын хэвгий, хоосон талдаа есийн хэвгий гэх мэт стандартыг бүрэн хангасан байна. Жилд 20 сая хүртэлх ачаа тээвэрлэх бүрэн хүчин чадалтай. Зуун хувь төмөр бетон дэртэй, өртөө зөрлөгийн хагас автомат хориглолт буюу сүүлийн үеийн дохиолол холбооны системд суурилагдаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах ажиллах хүчний хөлсийг одоогоор нарийн тооцоогүй байгаа ч Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажилд мөрдөгдөж байсан цалин хөлсний жишгийг баримтална. Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр зам учраас цалин хөлсний тухайд тийм ч бага байхгүй гэсэн юм.
С.Эрдэнэболд: Дорноговь аймгийн дөрвөн сумын 18-35 насны, 100 залууг аймгийнхаа МСҮТ-д төмөр замын анги нээж, гурван сарын хугацаанд бэлтгэнэ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нийт 70 орчим хувь нь буюу 160 орчим км зам нь Хатанбулаг сумын нутаг дэвсгэр дээр явагдах юм. Тиймээс нээлтийн ажиллагааны үеэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболдын байр суурийг сонссон юм. Тэрээр, Монгол Улсын томоохон боомтуудын хэмжээнд Ханги-Мандал хилийн боомт сүүлийн хоёр жилийн турш нэг ч удаа үүд хаалгаа бариагүй. Импортын бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй тээвэрлэсээр ирлээ. Уг бүтээн байгуулалтын ажил Хатанбулаг суманд хийгдэж байгаа онцлог томоохон ажил. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дагаад сум орон нутаг хөгжих нь дамжиггүй. Ялангуяа Ханги-Мандалын боомт өргөжинө. Монгол Улсын Засгийн газраас боомтуудын сэргэлтийн хүрээнд Засгийн газар, Сангийн яамны харьяанд Хөгжлийн хөтөч байгууллагаар дамжуулж боомтын өргөтгөл хийхээр болсон. Үүнд Ханги хилийн боомтыг өргөтгөх, одоогийн ачааллыг 3-4 дахин нэмэгдүүлэх, төмөр зам баригдсанаар цаашид гарах экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх учраас боомтын өргөтгөлийн зураг төсөл Сангийн яаман дээр хийгдсэн. Ханги-Мандал хилийн боомт хилийн зурвас газар оршдог. Зурвас газар гэдэг нь хилийн торноос 15 км газрыг зурвас хэмээн үздэг. Тийм учраас одоогоор газрын асуудал нь шийдэгдээгүй учраас цаашид төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байдал үүсгээд байна. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, чөлөөлөх шийдвэр гарсны дараа, дараа дараагийн төлөвлөлт хийгдэх боломжтой болно. Ханги-Мандал-Таван толгой чиглэлийн автозам Концессын гэрээний дагуу баригдаж байна.Ийнхүү Хатанбулаг сум төмөр зам, авто замын ложистикийн төв болж хөгжиж байгаатай холбоотой олон тооны ажлын байр гарч байна. Тиймээс одоо зарлагдсан байгаа ажлын байрууд болоод ирээдүйд зарлагдах ажлын байруудад боловсон хүчнүүдээ бэлтгэж байна. Тухайлбал, Эхний ээлжинд төмөр зам дайран өнгөрч байгаа Дорноговь аймгийн дөрвөн сумын 18-35 насны 100 залууг аймгийнхаа МСҮТ-д төмөр замын анги нээж, гурван сарын хугацаанд бэлтгэх гэж байна.Эдгээр бэлтгэгдсэн боловсон хүчнүүд наадмын дараа төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломж бүрдэж байна.
Ямартаа ч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд шинэ гарц, шинэ хөдөлгүүр, хүч нэмэх Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг зургаан сарын хугацаанд барих нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Шав тавьж, ажил эхлүүлэх нэг хэрэг. Хэлсэн хугацаандаа зорьсон зорилгоо биелүүлчихээд итгэл төгс нээлтийн тууз хайчлах бас нэг өөр хэрэг. Ингээд Монгол Улсын боомтын боймыг тайлах үүрэг хүлээж, итгэл өвөртөлсөн ААН-үүд хэлсэндээ эзэн болох эсэхийг харах л үлдлээ. Эцэст нь ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Б.Артур хэлэхдээ, уг төмөр замын ажлыг гүйцэтгэгч байгууллага энэ ондоо багтааж, дээд болон доод бүтцийг ашиглалтад оруулах юм. Дээд болон доод бүтэц гэдэг нь төмөр замын далан болон ул шороо, хоолой, гүүр, буталмал чулуун чигжээс гэх мэт галт тэрэг явах хэмжээнд 226 км замын суурийн бүтцийг энэ ондоо багтааж дуусгана. Харин ирэх онд дохиолол холбоо барилга байгууламж гэх мэт цогцолбор төслийн үлдсэн ажлуудыг хийж ирэх ондоо иж бүрнээр дуусгах урьдчилсан төлөвлөгөө гарсан. Энэ ондоо багтаж төмөр замын дээд болон доод бүтцийг барьснаар утсан харилцаагаар галт тэргийг аялуулах боломж бүрдэнэ гэдгийг үеэр хэлсэн юм.