Иракийн хойд нутгийн Эрбил хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ойролцоо хэд хэдэн пуужин тусч, хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ тухай Иракийн Үндэсний мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Эрбил хотод дор хаяж гурван дэлбэрэлт болж, дуут дохио дуугарч байгаа аж. Түүнчлэн Иракийн Курдын автономит мужийн нийслэл хотын Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоож, тус бүс нутагт иргэний агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Эрбил хотын амбан захирагч Омед Хошнавын хэлснээр, тус хотод пуужингийн довтолгооны улмаас бэртэж гэмтсэн нэг ч хүн байхгүй аж. Хохирлын талаар мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Багдад дахь Америкийн Элчин сайдын яам хамгаалалтаа нэмэгдүүлж, дипломат төлөөлөгчийн газрынхаа нутаг дэвсгэрийг хаасан байна.
Иракийн аюулгүй байдлын албаны эх сурвалж Иракийн “Shafak News” мэдээллийн порталд АНУ-ын консулын газар пуужингийн цохилтод өртсөн хэмээн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжлав.
Эрбил хотын Салах ад-Дин дахь АНУ-ын консулын газар болон “Курдистан-24” телевизийн ойролцоо пуужин тусчээ. Дэлбэрэлтийн улмаас тус телевизийн барилгад материаллаг хохирол учирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Иракийн Эрүүл мэндийн яамнаас мөн дэлбэрэлтийн улмаас нэг ч хүний амь эрсдээгүйг мэдэгджээ.