ОХУ-ын рублийн ханшны уналтын талаар эдийн засагч Ч.Отгочулуутай цөөн хором ярилцлаа.
-Рублийн төгрөгтэй харьцах ханш огцом унаж байна. Нэг рубль 35-40 төгрөгтэй тэнцдэг байсан бол 20 төгрөг рүү оржээ. Энэ нь дайнтай холбоотой байх даа?
-Тийм. рублийн ханш унах нь зүй ёсны үзэгдэл л дээ. Буриадууд ирж рублиэ доллараар сольж байгаа тухай яриа байсан. Хэрэв энэ үнэн бол рублийн нийлүүлэлт өсч ханш нь унана. Манай улс ОХУ-аас маш цөөн бараа авдаг, түүнийгээ ихэвчлэн доллараар төлчихдөг. Тиймээс рублийн эрэлт бага байдаг. Ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар л рубль сольдог.
-Дэлхий дахинд рублийн ханш ямар байгаа вэ?
-Маш цөөн хоногийн дотор рублийн ханш дэлхийн хатуу валютуудын эсрэг 50-60 хувь унасан.
-Рублийн ханш унаж байгаа энэ үед бид Оросоос худалдан авалт хийх нь зөв үү?
-Рублиэр тооцоо хийдэг бол тухайн барааны тодорхой хэмжээгээр хямдрах боломжтой. Гэхдээ хойд хөрш маань улс төрийн шалтгаантай хоригт орсон учраас рублиэр худалдаа хийх эрсдэлтэй. Буцааж солиход хэцүү. Их хэмжээний наймааны хувьд рубль, төгрөг хоёр шууд хөрвөдөггүй. Заавал доллараар
дамжина. Нөгөө талаас иргэдийн гар дээр байгаа рублийн ханш цаг цагаар унаж байна.
-Рублийн ханш өсөх төлөв бий юү?
-Дайн хэзээ дуусна, тэр үед л тогтворжино. Дайн дууссан ч гэсэн Оросын эдийн засагт тавьсан хориг үргэлжилнэ. Энэ нь эдийн засагт ужиг, мөн сөргөөр нөлөөлнө. Оросын нийт экспорт нь эдийн засгийнхаа буюу ДНБ-ийх нь 30-аад хувьтай тэнцдэг. Тэгэхээр энэ хэрээр эдийн засаг нь агших боломжтой гэсэн үг. Эдийн засаг агшихаар үндэсний валют нь улам үнэгүйднэ. Оросын төв банк бодлогын хүүгээ хэчнээн өсгөсөн ч рублийн ханшийг барьж чадахгүй. Учир нь хөрөнгө оруулалтын урсгал нь татарсан. Зээлжих зэрэглэл тогтоодог Мүүдиз, Стандард энд Пүүрз зэрэг компаниуд Орост хасах төлөв бүхий ‘C’ үнэлгээ өгч, хэрвээ богино хугацаанд ‘D’-рүү гулгавал дампуурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Оросын засгийн газар болон төрийн компаниуд нь дампуурлын ирмэгт байна. Хэрэв үнэхээр дампуурлаа зарлавал рубль улам л үнэ цэнээ алдана.
-Рублийн ханшийн уналт манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Оросоос бараа импортлохдоо доллараар тооцоо хийдэг учир онцын нөлөөгүй. Манай улсаас Орос руу экспортолдог бараа бараг байхгүй. Яах вэ, Орост аялахад арай хямд байх боломжтой. Гэхдээ жуулчдын хувьд дайны улбаагаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, хулгай дээрэм ихсэх эрсдэлтэй.
-Манай улсад рубль зарахад хязгаарлалт тогтоохгүй бол нөөц шавхагдах эрсдэл бий юү?
-Байхгүй. Сая хэлсэнчлэн Орост очиж амрах, худалдан авалт хийхэд л хэрэг болох байх. Гэхдээ юу л бол. Хомсдолын шинж тэмдэг илэрч эхэлсэн учраас Орос улс тун удахгүй экспорт, импортын хязгаарлалт хийж эхлэх биз ээ. Мөн картын барааны үе рүүгээ эргэн очих магадлал өндөр байна.