Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай аялал жуулчлал Хөвсгөл нуурыг хамгаална || DNN.mn

Монголын төдийгүй дэлхийн хамгийн цэнгэг усны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын хувь заяаг хариуцан хамгаалах үүрэг бидэнд бий. Энэ үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх, хэрхэн цэвэр тунгалагаар нь байлгах тухай асуудал, яриа тасрахгүй өнөөг хүрсэн. Нэг ёсондоо энэ нуур анхаарлаас гадуур байгаагүй ч эмх цэгцгүй хөгжүүлсэн аялал жуулчлал, ашиг орлого илүүд үзсэн олны хөлийн газар болчихоод байгаа билээ.

Дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуур байгалийн жамаар бус хүний хүчин зүйлээс болж аюул эрсдлийн ирмэгт тулсан. Хог хаягдал, нуурын гүн дэх болон ойр орчим, эрэг хавийг талхалдаг машин техникээс нь салгах, мөн замбараагүй газар олголт, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг эмх журамд оруулах гэх мэт бол ойрын үед эхэлж, богино хугацаанд засаж залруулах боломжтой ажлууд.

Зүгээр л байгаль дээрх өөрийн унаган байдал, тогтоц нь л түүний эргэн тойронд мянга мянган аялал жуулчлалын ашигтай бааз байгуулснаас илүү юм гэдгийг эрдэмтэд, байгаль экологийн судлаачид хэлдэг. Гэхдээ нутгийн иргэдийн болоод аялал жуулчлалын салбарынхны түшиц болсон энэ газар нутаг, нуур эргийг хааж хашиж хамгаалах бус, хариуцлагатай аялал жуулчлалыг зүй зохистойгоор, эрсдэлгүй хөгжүүлэн авч явах нь хамгийн зөв гарц.

Одоо аймгийн хэмжээнд нэг ээлжинд 7000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай 100 орчим жуулчны бааз, 130 гаруй гэр буудал, мөн аялалын завь, худалдаа үйлчилгээ явуулдаг олон арван иргэн, аж ахуйн нэгж байна. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, малчдын аялал жуулчлалаас олж байгаа орлого амин зуулгыг зогсоож хаахын ч аргагүй. Нөгөө талаас эдийн засгийн ашиг орлоготой зүйрлэшгүй үнэт, өндөр хамгаалалтад байх энэ газрыг хөгжүүлж хамгаалах нь эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, төр засаг, иргэдийн бүх талын оролцооноос хамаарна.

Хөвсгөл нуур орчим бол ердөө аялал жуулчлалын бүс нутаг төдийгөөр хэмжигдэхгүй дэлхийн зайлшгүй хамгаалах өвд зүй ёсоор тооцогдох онцгой бүс байх ёстой гэгддэг. Гэтэл 2000 онд Аялал жуулчлалын баазын тоо 10 хүрэхгүй байхад л Дэлхийн Өвийн экспертүүд ийм байдлаар ашиглагдсан газрыг хүлээж авахгүй гэсэн байдаг. Түүнээс хойш олон улсын байгууллагууд энэ талаар санаачлага гарган саналаа хүргүүлэх аян хүртэл өрнүүлж байсан. Тэгэхээр одоо орчны бохирдлоос нь ч салгаж амжаагүй байгаа энэ үед дэлхийн өвд бүртгүүлэх тухай ам нээх ч үнэндээ бол ичмээр байгаа гэсэн үг.

  • Хөвсгөл нуур манай улсын хамгийн том, хамгийн гүн нуур.
  • Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, 2 сая гаруй жилийн настай гэгддэг.
  • Дэлхийн хамгийн өндөр настай, эртний энэ нуурт 65 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх аван урсдаг. Эгийн гол нь Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг.
  • Дэлхийн эртний 17 нуурын нэг Хөвсгөл нуур нь усны нөөцөөрөө азид Байгаль нуурын дараа хоёрдугаарт ордог юм. Нуурын урт 136 км, өргөн нь 46.5 км, хамгийн гүн нь 262 метр.
  • Хөвсгөл далай бол ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэдэг.
  • Хөвсгөл нуурын орчимд дэлхийд тэмдэглэгдээгүй 25 зүйлийн тэмээлзгэнэ, 20 зүйлийн соно олдсон бол 250 зүйл эрвээхий бүртгэгдсэний 4 нь, усан дотор нь 50 гаруй зүйлийн ногоон замаг байгаагийн 4 нь хамгийн цэвэр орчинд тохиолддог болохыг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Мөн Хөвсгөл нуурын баруун талд зөвхөн Их Хар уснаас 20 гаруй зүйлийн нэн ховор, ховор ургамлыг харж болох юм.
  • Дэлхийд усыг нь шууд уудаг ийм цэнгэг нуур тун ховор.
  • Улсын Тусгай Хамгаалалтанд байдаг.

Хөвсгөл нуурыг хэдэн үеэрээ сахин түшиж хамгаалж ирсэн нутгийн иргэд, зүй зохистой түвшинд хамгаалах гэж хичээж ирсэн төр засгийн бодлого анхаарал зэргийг үгүйсгэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг саяхан зохион байгуулж, нуурыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэл чиглэлээр нэгдсэн зөвлөмж гарсан. Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудал Монгол Улсын Засгийн газар, Төрийн тэргүүний анхааралд байсаар байгаа нь сайн хэрэг. Нуурыг хамгаалахад тусгай хамгаалалт бүхий газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандарт нөхцөлд нийцсэн хариуцлагатай аялал жуулчлалыг бий болгох, мөн иргэд олон нийтийн ухамсар сэтгэхүйд хандсан нөлөөллийн арга хэмжээг ч орхигдуулахгүй байхыг зөвлөмжид тусгасан байна.

Далайн гүнд 36 жилийн өмнө живсэн аварга хөлөг онгоцыг татан гаргахад олон жил зарцуулсан, азаар хөлгийн түлшний сав бүтнээрээ, далайн усанд түлш асгарсангүй өдийг хүрсэн байв. Одоо хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох төлөвлөлт хийж эхлэх юм. 2024 он хүртэл нуурын ёроолд байгаа техник хэрэгслүүдийг татан гаргах, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулна гэж буй. Хөвсгөл далайн ёроолд одоо том, жижиг нийлээд 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулсаар байгаа юм. Хөвсгөл нуурын усны нөөц 381 км куб бөгөөд нуурын ёроолд байгаа машин техникээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн тооцоо судалгаа байна.

Нуурын тусгай хамгаалалтын бүс дэх газар олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох, аялал жуулчлалын стандартын шаардлагыг хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авахаар болж байна. Угаас энэ орчмын аяллын бүсийг хяналттай, зохион байгуулалттай болгоход дорвитой арга хэмжээ авах цаг ч нэгэнт болсон.


Манай улсын аялал жуулчлалын гол чиглэл Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур болсон. Энэ утгаараа нуурыг бохирдуулж байгаа хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоод, гадаадын аялал жуулчлал.

Энд жилдээ 90 мянга гаруй жуулчин очдог болсон бөгөөд гадаадын жуулчдын талаас илүү нь зөвхөн Хөвсгөл аймгийг зорьдог. Тийм болохоор өвөл зуны аялал жуулчлалыг дэмжиж, тэр байтугай төрөл зүйлийг нь илүү олон болгон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг. Ингэхдээ харин хууль журмыг нь тодорхой болгож, байгаль орчинд халгүй, бохирдолгүй үйл ажиллагаа явуулах хатуу болзлыг ягштал биелүүлэх үүрэг ногдуулдаг байх ёстой. Одоо Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны баазууд хуурай, нойтон хог хаягдлыг аль болох байгальд хоргүй байдлаар зайлуулж ажилладаг, ихэнх жуулчны баазууд бохироо хөрсөнд шингээхгүйгээр соруулж, аймгийн нэгдсэн байгууламжид нийлүүлдэг болсон байна.

Ер нь манайд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгадаг болох ажил тун ч урагшгүй ядмаг яваа. Үгүйдээ л аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх гол энэ газрынхаа хог, бохирын асуудлыг ухаалгаар шийдсэн технологийн нөхцлийг түргэн хугацаанд бий болгох чухал.

Манай аялал жуулчлалын гол бүс нутаг атлаа энэ салбараас орон нутгийн төсөвт маш бага орлого ордог, харин улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймаг бол Хөвсгөл. Цаашид аялал жуулчлалын салбар дахь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дагаж энэ бүс нутгийн хөгжлийг цогц байдлаар хөгжүүлэх шаардлага бий. Жуулчдад олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг томоохон соёл, аяллын бүс нутаг болгон хөгжүүлэх нь олон талын ашигтай. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бусад холбогдох газрууд, эрдэмтэн судлаачид хамтран нуурыг хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалын жишиг бүс болгох, энэ салбарыг өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх хэмжээнд хүртэл дэмжиж анхаарах хэрэгтэй юм.


Хөвсгөл нуурын эргийн бүс хамгаалах хамгийн гол хэсэг нь

Эрх мэдэл, их мөнгөөр, эсвэл амьжиргаагаа залгуулах, амь зуух нэг л шалтгаанаар хууль журмаас ангид үйл ажиллагаа явуулдаг байдлыг үгүй болгох цаг хэдийнээ болсон. Эрэг орчмын талхлагдсан хэсгийг маш түргэн чөлөөлж нуурыг аюулаас холдуулахыг эрдэмтэд шаарддаг. Гол нуурын амин хэсэг нь эргийн бүсэд оршдог. Эргийн бүсийн ургамал бүлгэмдэл, ойр орчимд чуулдаг тоос хүртээгч шавьж хорхой хүртэл нуурын амин зүрхний үүргийг гүйцэтгэдэг байна. Ургамал бүлгэмдэл нь эргийн ургамал хөрсийг бэхэлж, нурж эвдрэхээс, хөрс хэт халж, нуурын усыг ууршин хатаж, гандахаас хамгаалах гэх мэт маш олон талын ашигтай байдаг байна. Мөн ус бүлээсч халах, нарны гэрлийн тусгал нэмэгдэх, үерийн ус гол руу орох, мал амьтан болон хүний гаралтай бохирдол ихэсвэл ургадаг ногоон замаг ихээхэн нэмэгдэж байгаа аж. Ногоон замаг нэмэгдсээр байвал усан доторх амьтан ургамал үхэж, хүний эрүүл мэндэд нөлөөлөх, улмаар уух боломжгүй болгох аюултай юм байна.

Тэгэхээр нуурыг хамгаалах, бүтэн дүүрэн байлгахын тулд зөвхөн тэр орчныг нь цэвэрлэж, усны гүн дэх техник хэрэгслийг татаж гаргаснаар асуудал шийдэгдэхгүй аж. Эргээс ердөө 10 метр ч хүрэхгүй газар хог хаягдлаа булах гэх мэт нуурын аюулгүй орших нөхцөлд шууд заналхийлсэн үйлдэл олон. Тэнд үйл ажиллагаа эрхлэгчдийн ихэнх нь нуурын эргээс 100 метр хүрэхгүй шахам зайд буюу хамгаалалтын бүсэд, бүр 50 метр хүрэхгүй зайд буюу онцгой хамгаалалтын бүсэд ч байрлаж байна. Тиймээс хатуу шаардлагын дор, стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах боломжтойд нь зөвшөөрөл олгодог болох ёстой.

Хөвсгөл нуурын цэвэр байдлыг хадгалахын тулд эргийн бүсийг чөлөөлж, ашиглалтаас гаргах явдал. Эргийн дагуух болон усан доторх ургамлыг хамгаалах гэх мэтээр судалгаатай, шинжлэх ухаанчаар хамгаалан хөгжүүлэлт хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *