Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгарууллаа || DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ оны марш, тусгай бэлтгэлийн аварга шалгарууллаа.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан энэ тэмцээнд НОБГ-ын бүтэц нэгжүүдийн 16 багийн 190 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх, гал унтраах тархалт, аврах, химийн хорт бодисоос хамгаалах норматив биелүүлэх ажиллагааг гүйцэтгэв.

НОБГ-ын дарга А.Дашням “Алба хаагч, баг тамирчид мэргэжлийн чиглэлтэй холбоотой 18 төрлийн даалгавар гүйцэтгэлээ. Эдгээр сургуулилалт хийснээр алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил хэр байгаагаа мэдэж авдаг. Мөн анги, салбаруудын бэлтгэл, бэлэн байдал ямар түвшинд байгааг дүгнэдэг” хэмээжээ.

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тэргүүн байранд шалгарлаа. Хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги орсон бол гуравдугаар байранд Аврах ангийн баг тамирчид шалгарав. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил завсардаад байсан тус тэмцээнийг 2004 оноос эхлэн зохион байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *