“ZUER” продакшны жүжигчин З.Хишигжаргал буюу Үүлээтэй ярилцлаа. Тэрээр эгчийгээ франкдаж буй бичлэг нь сошиалд их хандалт авсан.
-Юун түрүүнд эгчийнх нь талаар яриагаа эхлүүлье. Яагаад эгчийгээ франкдаж буй бичлэгээ сошиал орчинд цацсан юм бэ?
-Сайн байна уу. Манай эгчийг Б.Уянга гэдэг. Дээд курсийн эгч л дээ. Гэхдээ төрсөн эгч дүүс шиг маш дотно харилцаатай байдаг. Эгч маань гурван охинтой зургаан жил гэртээ хүүхдүүдээ хараад суучихсан учраас нийгмээс өөрийгөө тусгаарлагдчихсан гэж бодож өөрийгөө голдог байсан. Энэ нь надад хэцүү санагддаг учир эгчийгээ сэтгэл санаагаар унагаахгүйн тулд жаахан хөгжилтэй байлгах гэж пранкдаж үзсэн л дээ. Тэгээд анхны франкдаж буй бичлэгээ хэлэлгүй сошиалд нийтэлчихсэн чинь маш их хандалт авч хүмүүс ч эгчид маань их урмын үгс хэлж сэтгэл санаагаар дэмжсэн.
-Эгч нь өөрийнх нь бичлэг сошиалд тавигдсан байхыг хараад хэрхэн хүлээж авсан бэ?
-Би эгчийгээ блоклочихсон байсан учир хоёр дахь бичлэг орсны дараа мэдсэн. Тэгээд зөвөөр ойлгуулж, өөрийх нь үе дуусаагүй эд гоё насан дээрээ байгаа шүү гэдгийг нь мэдрүүлж өгсөн гэж боддог. Харин эгч маань юу гэж боддог юм бол доо(инээв).
– Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Бага насны дурсамж гэхээр хамгийн түрүүнд хөдөө л бодогддог. Хөдөө өвөө эмээ дээрээ өсч хүмүүжсэн. Хөдөөний амьдралыг маш сайн мэднэ. Их хөдөлгөөнтэй, эр хонь хүлээд тавьчихдаг байсан хүн дээ. Ер нь их эршүүд өссөн.
-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов?
-Багадаа бүжигчин болохыг хүсдэг байлаа. Харин эмээ өвөө маань малын эмчээр сургах хүсэлтэй. Гэхдээ өөрийнхөө сонирхлыг дагаж бүжиг дуу хоёрыг зэрэг хослуулж болох учир жүжигчин мэргэжлийг сонгож 2020 онд Н.Наранбаатар багшийн удирдлага дор амжилттай суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд яах учраа олохгүй их балмагдсан. Учир нь суралцаж байхдаа нэг ч хичээл дээр унаж үзээгүй, голч өндөр байсан. Түүндээ бардаад ч тэрүү аав ээждээ чадна гээд л их ам гардаг байлаа. Гэтэл шууд ажлын байран дээр гарахад жаахан айдастай байдаг юм билээ. Тэгсэн н.Ариунчимэг багш маань “Альфа” театрт ажиллах санал тавиад үүгээр миний ажлын гараа эхэлж байсан. Дараагаар нь “Сүлд” телевизэд мэдээний сэтгүүлчээр ажилласан. Сэтгүүлч мэргэжлээр ажиллаж эхэлснээр маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Адаглаад л хүнээс мэнд мэдэж сурсан шүү(инээв). Сэтгүүлчдийн зовлонг ойлгож мэддэг болсон. Мөн мэдээнд шүүлтүүртэй хандаж буруу зөвийг ялгаж сурсан.
-“ZUER” продакшнд хэзээнээс харьяалагдаж эхэлсэн бэ?
-Продакшныхаа бичлэгийг их үзэж дэмждэг байсан. Тэгсэн нэг өдөр н.Мөнхзул эгч “Шинэ эмэгтэй жүжигчин ажилд авна. Жүжигчин мэргэжилтэй найз нөхдөө меншин хийгээрэй” гэсэн пост оруулчих байсан. Тэрийг хараад шууд л өөрийгөө меншин хийчихсэн(инээв). Тэгсэн маргааш 10 цагт хүрээд ирээрэй гэсэн чат ирсэн. Маргааш өглөө нь би 7 цагт босчихсон өмсөх хувцсаа сонгож чадахгүй их сандарсан. Тэгсэн манай эгч “Чи нүүрээ будаач ээ, нүүрээ будахаар их өөр харагддаг шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь шууд “Үгүй ээ, би нүүрээ будахгүй цаашдаа энэ газар ажиллахаар болбол миний будаггүй царайг харахаас л хойш анх очихдоо л будаггүй очмоор байна гэж хэлээд” гарсан. Намайг очиход хоёр хөөрхөн охин ирчихсэн байсан. Тэр хоёрыг хараад шууд л өөрийгөө голж энэ хоёр охины нэг нь тэнцэх юм байна гэж бодсон. Тэгсэн намайг “Маргаашнаас ажилдаа ороорой” гэж хэлдэг юм даа. Тэр цагаас хойш продакшндаа харьяалагдаж, хамт олонтойгоо ажиллаад жил гаран болж байна шүү.
Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам бол СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж, “ZUER” продакшнд ажилд орсон явдал. Жүжигчин мэргэжилдээ их хайртай.
-Их олон бичлэг, влог хийдэг продакшнууд байдаг. “ZUER” продакшн юугаараа онцлог давуу талтай вэ?
-Манай “ZUER” продакшныхан залуучуудад илүү эерэгээр нөлөөлье гэж хичээж ажилладаг. Тийм болохоор ч тэрүү манай трэнд болсон бичлэгүүд хүмүүст их хүрдэг.
–Нэг бичлэг хэдий хугацаанд хэр их хүний хөдөлмөрөөр бүтдэг вэ?
-Хүмүүс биднийг их амархан ажил хийдэг байна гэж хэлдэг. Гэхдээ тийм биш. Тэнд олон хүн санаа бодлоо уралдуулж, хүч хөдөлмөрөө нэгтгэн нэг зорилго сэтгэл дор ажиллаж хамтын чанартай бүтээл гаргах гэж хичээж ажилладаг. Гурван минутын бичлэг хийхийн тулд хамгийн багадаа 3-4 цаг зарцуулдаг.
-“Foxtory” влогынхоо талаар танилцуулаач. Мөн нэр нь их содон юм?
-“Foxtory” влогоор дамжуулж өсвөр насны хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж, нийгмийн стрессээс бага ч болов ангижраасай гэж хүсдэг. Нэрний хувьд гэвэл би оюутан байхдаа үнэг гэдэг хочтой байсан. Тэгсэн найз залуу маань бас үнэг гэдэг хочтой байсан юм билээ. Тэгээд л үнэгнүүдийн түүх гэдэг нэрийг өгсөн.
-Үүлээгийн хувьд гэр бүл төлөвлөлт нь дээр хэр анхаардаг вэ?
-Ойрын 10 жилдээ гэр бүл төлөвлөлт байхгүй. Мэдээж үерхэж нөхөрлөөд явах ч нэг гэрт орж, үр хүүхэдтэй болох болоогүй санагддаг. Нас залуу, цус шингэн байна. Алдаж, онох үе ч зөндөө ирнэ. Тэр болгонд суралцах хэрэгтэй байна.
–Ирээдүйн хүсэл мөрөөдөл зорилгынхоо талаар сонирхуулаач?
-Өөрийн гэсэн шүлэг найраглалын ном гарна гэж боддог. Мөн боломжтой болохоороо малын эмчээр суралцаж хотоос зайдуу амьтны асрах төв байгуулж тэдгээр амьтдаа асарч хамгаална. Манай улс амьтадтай хамгийн харгис хэрцгий харьцдаг орон. Амьтны тухай хууль ч байхгүй шүү дээ.
М.САЙНЗАЯА