“Эхчүүдээ хайрлая” төсөлд нөхөн үржихүйн насны 2000 орчим эмэгтэйг хамруулаад байна.
1990 оноос өмнө төрсөн нийт эмэгтэйчүүд В вирусний дархлаажуулалтад хамрагдаагүй байдаг аж. Дорнод аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн буюу 31-40 насны 6292 эмэгтэй бий. Дээрх эмэгтэйчүүд жирэмсэлж, хүүхэд төрүүлэх насных учир нөхөн дархлаажуулах зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байлаа. Тиймээс ОНХС-гийн хөрөнгөөр 2020, 2021 онд 31-40 насны 1850 эмэгтэйг шинжилгээнд хамруулж, В вирусний халдваргүй нь тогтоогдсон эмэгтэйчүүдийг В вирусний эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Үргэлжлүүлэн энэ онд 1000 эмэгтэйг хамруулахаар төлөвлөжээ.
В вирусний эсрэг дархлаажуулалтад хамруулснаар ”В” вирусний халдвартай төрөх насны эмэгтэйчүүдийн тоо багасч, жил бүр 20 гаруй тохиолдлоор халдварын тархалт буурч байгаа аж. Түүнчлэн хүн амын дунд Вирүст хепатитийн өвчлөлийн түвшин /10000 хүн амд/ 0,5 аар буурсан байна.
Цаашид хүн амын дунд хепатитийн вирусний халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулна гэлээ.