Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл || DNN.mn

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөн дуулиан, шуугиантай болж өндөрлөв. Гол өрсөлдөгч Юн нэр дэвшигч санхүүгийн луйвар хийсэн эхнэрээсээ болж хэл аманд өртөн ард түмнээсээ уучлалт гуйсан бол Ли хууль бусаар мөрийтэй тоглосон хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйхад хүрсэн билээ. Ийнхүү сонгууль өндөрлөж Консерватив сөрөг хүчний намаас Юн Сук Ёл, Либерал ардчилсан намаас Ли Жэ Мюн нар үзүүр, түрүү булаалдан ширүүхэн өрсөлдсөний эцэст Юн Сук Ёл ялимгүй зөрүүгээр ялалт байгуулжээ.

Тус улсын Үндэсний сонгуулийн хороо Юн Сук Ёл 48.56 хувийн санал, Ли Жэ Мюн 47.83 хувийн санал тус тус авсан болохыг мэдээлэв. Өрсөлдөгчдийн хооронд 0.73-хан хувийн зөрүү гарсан нь урьд өмнө байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болсон гэсэн үг юм.

Эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мюн ялагдлаа хүлээн зөвшөөрч, Юнд баяр хүргэсэн байна. Ийнхүү Юн Сук Ёл шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Өмнөд Солонгосын цаашдын гадаад бодлого, тэр дундаа Хойд Солонгостой харилцах харилцаа, нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгийн бодлого зэрэгт ихээхэн өөрчлөлт авчрах нь тодорхой хэмээн гадны хэвлэлүүд бичиж эхлэв. Учир нь тэрээр үндэсний аюулгүй байдлын талаар хатуу байр суурь баримталж ажиллахаа мэдэгдсэн бөгөөд Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг улсдаа байрлуулна гэж амласан юм. Мөн ерөнхийлөгч асан Мүний засгийн газрын хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг гэж хэлж болох үл хөдлөх хөрөнгийн бодлогыг голчлон анхаарч ажиллана гэсэн юм. Энэхүү амлалтын хүрээнд ирэх таван жилд 2.5 сая орон сууц нэмж иргэдийнхээ хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн татварыг бууруулахаа амласан. Түүний амлалтуудаас хамгийн их маргаан дагуулж буй нь Хүйсийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамыг татан буулгаж оронд нь хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн асуудалд хариуцсан шинэ яам байгуулна гэсэн явдал билээ.

“Бид, БНСУ-ын ард түмэн бол нэгэн цул зүйл юм. БНСУ-ын иргэд бүс нутаг, анги давхаргаас үл хамааран тэгш эрхтэй бөгөөд хаана ч байсан тэдэнд шударга ёс үйлчлэх ёстой. Миний бие үндэсний нэгдмэл байдлыг эн тэргүүнд тавих болно” гэж тэрбээр Үндэсний ассамблейн намын төлөөлөгчдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгдэж байсан билээ. Өдгөө 61 настай тэрбээр сонгуульд ялснаа “Агуу ард түмний ялалт” хэмээн тодорхойлов.

Юн Сук Ёл нь 2019-2021 оны хооронд буюу Мүн Жэ Инийн үед Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байсан. Чухамхүү энэ хүн ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Ийнхүү сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгосын улс төрд том өөрчлөлт авчирна гэж ажиглагчид үзэж байна. Түүний нам ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулснаас хойш дахин нэгдэхийн төлөө шаргуу тэмцэж байсан учир энэ ялалт намынх нь хувьд гайхалтай амжилт болов. Шинээр сонгогдсон Юн ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийн засгийн газрын авлигын хэргийг шалгах кампанит ажил өрнүүлж, улс гэрээ бохир улс төрөөс цэвэрлэх төлөвлөгөөтэй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 44 197 692 сонгогчийн 34 071 400 нь санал өгснөөр сонгогчдын ирц 77.1 хувьд хүрчээ. Энэ нь 2017 оны сонгуулийнхаас /77.2 хувь/ үл ялиг буурсан үзүүлэлт болсон байна.

Харин 2013 онд баталж, 2014 оны сонгуулиас нэвтрүүлсэн урьдчилсан санал хураалтад сонгогчдын 36.93 хувь нь саналаа өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт болсноос гадна өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийнхаас 10 гаруй хувиар өсчээ. Энэхүү санал хураалт гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болсон юм.

БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл ирэх тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөх юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *