Categories
мэдээ спорт

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо || DNN.mn

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт лигийн тэмцээн өндөрлөх дөхсөн холбоотойгоор зохион байгуулалт, шагналын сан, улирлын шагналтнуудаа өнөөдөр/2022.03.09/ зарлалаа.


Комиссар Б.Ялалт:

-Лигийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хоёр холбооны багууд нэг талд цуглан өрсөлдөж байгаад хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна. Монголд анх удаагаа дээд түвшинд 13 баг оролцож байна. Хоёр тусдаа байсан тэмцээн нэгдсэн учир цоо шинээр эхлэх сорилттой тулгарсан. Дөрвөн салбар хороотой болсон. Удахгүй финал эхэлнэ. Дээд лигийн нийт шагналын сан 130 сая төгрөг. Аварга баг 100 сая төгрөг авах бол хоёрдугаар байрт орох баг 20 сая, гуравдугаар байрт орох баг 10 саяыг тус тус хүртэнэ. Аваргын цуврал долоон тоглолтоор шийдэгдэх бол хүрэл медаль нэг тоглолтоор шийдэгдэнэ. Тэргүүн тоглогчийг улирал болон плей-оффын тоглолтоор нь тодруулсан бол финалын тэргүүн тоглогчийг цор ганц финалын цувралын тоглолтоос тодруулна. Үндсэндээ зургаан шагналын эздийг тодруулна. Дөрвийг нь одоо танилцуулъя. Аварга авсан багийн дасгалжуулагч лигийн шилдэг дасгалжуулагчийн эзнээр тодорно.

  • Тэргүүн тоглогч: Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  • Шилдэг хамгаалан тоглогч: О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын Дайчид/
  • Шилдэг шинэ тоглогч: Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
  • Шилдэг зургаа дахь тоглогч: Б.Мөнхболд /Алдар Танан Гарьд/

Шагналын эздийг цэвэр статистик үзүүлэлтийг үндэслэн тодруулсан.

Буцаад холбоод тусдаа тэмцээнээ зохион байгуулах аюул ойрхон байгаа. Энэ жил шигшээ багийг Азийн наадам, Азийн цомын тэмцээний урьдчилсан шат хүлээж байгаа. Өмнө нь бид зөвхөн Азийн наадамд оролцож байлаа. Энэ жил энэ эрх сэргэсэн учир шигшээ багаа шинээр бүрэлдүүлэх шахуу хуваарь хүлээж байна. Лигийн тэмцээн дуусаад эв нэгдэл дуусах болгоомж байгаа учир монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргамаар байна. Бөхийн холбоонд эвлэрлийг авчирсан шиг сагсан бөмбөгийн холбоонд эвлэрэл авчраасай гэж хүсмээр байна. Мэдээж спорт улс төрөөс ангид байх ёстой ч 10 гаруй жил үргэлжилсэн энэ маргаанд Ерөнхийлөгч оролцох ёстой гэж би харж байна. Энэ хагарлаас болж үзэгчид, сагсчид, монголын сагс хохирно.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэг шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Шалтгаан нь юу байсан бэ?

-Ур чадварын асуудал байсан. Монголд анх удаагаа лигийн тэмцээнээс шүүгч түдгэлзэж байна. Улирлын тоглолтод алдаа гаргасан хэд хэдэн шүүгчийг плей-оффд ажиллуулаагүй.

-Тасалбарын үнэ нэмэгдэх үү?

-Сагсан бөмбөгийн тамирчдын хүч хөдөлмөр үнэтэй байх ёстой. Сая бид баяраар үнээ буулгасан. Гэхдээ финалын тоглолт үнэтэй байх ёстой гэж бодож байна. Тоглолтууд бүгд Спортын төв ордонд болно.

-Гомдол гаргасан, мөнгө нэхэмжилсэн багуудын талаар?

-Бүх шүүгчид шударгаар ажилладаг гэдэгт би итгэдэг. Мэдээж сагсан бөмбөгийн моментын спорт. Тиймээс алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдааг бага байлгахыг хүссэн.Шүүгчдийн зөвлөл шүүгчдээ хариуцлага тооцсон. Зориудаар багуудыг хохироосон асуудал байхгүй. Шүүгчдийн зөвлөлийг би магтмаар байна. Мөн Польш шүүгчид ирээд нэг шат ахиж байна.

-Ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад хариуцлага тооцсон уу?

-Эв нэгдэл эмзэг байгаа учир аль нэг багийг дурдмааргүй байна. Гэхдээ талбай дээр ёс бус үйлдэл гаргасан тамирчдыг тоглолтоор торгосон. Г.Баттөрийг 500 мянгаар торгож, нэг тоглолт өнжүүлсэн. Т.Санчирыг багийнхаа андтайгаа зүй бусаар харьцсан үйлдлийг 500 мянгаар торгосон. Эрдэнэтийн Уурхайчид багийг сошиал дээр лигийн нэр хүндэд халдсан гээд мөнгөн торгуулиар торгосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *