Categories
мэдээ нийгэм

“Малдаа ээмэг зүүхгүй бол Монголын хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй” гэв || DNN.mn

Төрийн ордонд өнөөдөр /2022.03.09/ малчдын эрхзүйн байдлын тухай хэлэлцүүлэг болж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илтгэлдээ “Монгол Улс сүүлийн 10-15 жил махны экспортоо нэмэгдүүлнэ гэж ярилаа. Гэтэл суурь бүртгэлийг хийгээгүйн улмаас хэн гэдэг малын эмч хэзээ эм, тариа хийсэн. Вакцинаас хойш хэдэн сар өнгөрч байна вэ, мах, түүхий эд эрүүл ахуйг хангаж байна уу гэдэг тодорхойгүй байсаар ирсэн.

Зарим аймагт цахим, ухаалаг ээмэгжүүлэлт хийснээр малчны хотноос гарсан мал хэзээ Улаанбаатар хотын товчоогоор нэвтэрч, аль хүнсний захад хүрч бүтээгдэхүүн болсон бэ гэдгийг цаг, минутаар нь харах боломжтой болсон.

Бүх малаа бүртгэлжүүлэхэд 80 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Энэ өнөөдөр нэмэгдсэн байж магадгүй. Малынхаа бүртгэл, ээмэгжүүлэлтийг хийгээгүйгээс малын эрүүл мэндтэй холбоотой бусад бүх асуудал уналтад орчихсон. Бүртгэл байхгүй учраас Монгол Улсын мах л гэж ярьдаг. Гэтэл гарал үүсэл, ашиг шим нь тодорхойгүй. Үүнийг цаашид бодлогоор сайжруулах шаардлагатай. Ойрын 3-4 жилийн дотор малын бүртгэлээ цахимжуулж, ухаалаг ээмэгжүүлэлт хийхгүй бол Монголын хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Ухаалаг мал аж ахуйн асуудал эндээс эхэлнэ” гэлээ.

Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгох зорилт тавьсан.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2021 онд улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж 2021 онд нийт сүргийн 3.3 сая, мал, 2022 онд 6.6 сая, мал, 2023 онд 9.8 сая, мал, 2024 онд 13.1 сая, малыг /өссөн дүнгээр/ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, малчид хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Малыг ялган тэмдэглэх хэрэгслийн талаар:

  • Мал, амьтны олон улсын бүртгэлийн хороо /ICAR/-ноос хүлээн зөвшөөрөгдсөн, Олон Улсын ISO 9001:2008 стандартын шаардлага хангасан, дахин давтагдахгүй код бүхий уян хатан, гадны нөлөөнд тэсвэртэй, өндөр чанарын полиуретан материалаар хийгдсэн бод, бог малын ээмгийг ашиглана. Полиэтилен болон резинэн материалаар хийгдсэн ээмэг хэрэглэхийг хориглоно.
  • Хонь, ямаа, үхэр, сарлаг, тэмээ, цаа бугыг ээмэглэх бөгөөд адуунд уламжлалт хүйтэн, халуун тамга хэрэглэхээс гадна Засаг захиргааны нэгжийн код бүхий цахим чип хэрэглэнэ.

Бод, бог малын ээмгэнд бичигдэх нэгдүгээр эгнээний эхний мөр нь “MN” гэсэн товчилсон үсэгтэй, хоёр дахь мөрний зургаан оронтой тооны эхний хоёр тоо нь тухайн бүс нутаг, аймгийн, дараагийн хоёр тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр тоо нь тухайн баг, хорооны кодыг, гурав дахь мөрний зургаан оронтой тоо нь тухайн малын хувийн дугаарыг тус тус илэрхийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *