Categories
мэдээ нийгэм

“Хөшигийн хөндий рүү төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттайгаар нүүлгэхээр шийдвэрлэлээ” гэв || DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өгөв.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хөшигийн хөндийд байр зүйн зураг, уул жалгыг судлах, газар хагалбарын мужийг 8 балл хэмээн тогтоосноор баригдах барилга байшингуудын даац, усны нөөц зэргийг тооцоолсноор 150 мянган хүн амьдрах хот төлөвлөлтийг хийж байна. Өнөөгийн Дархан, Эрдэнэт бол 100 мянган хүнтэй хот.

Засгийн газраас өнөөдөр төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттайгаар шилжүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Энэ талаар судалж, саналаа гаргана.

Дэд бүтэц, хүмүүс амьдрах орчин, ажлын байр зэрэг байснаар таталцал бий болдог. Энэ ажил нь өнөөдөр маргаашдаа биш, үе шаттайгаар хийгдэнэ. Жишээлбэл, Сөүл хот төвлөрлөө сааруулахын тулд Сэжун хотод төр захиргааны байгууллагуудаа шилжүүлэх ажлыг 20 жил хийж байгаа.

Энэхүү шийдвэр өнөөдөр гарснаар ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газраар батлуулна. Үүнтэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөлтүүд, хөрөнгийн тооцоолол гарна” гэлээ.

2008 оноос эхлэн улсын тусгай хэрэгцээнд нисэх буудлыг тойрсон 12 мянган га газар авчээ. Мөн өнгөрсөн жил нэмж 19 га газар авснаар Хөшигийн хөндийд нийт 31 га газрыг улсын хэрэгцээнд авсан байна.

Сонирхуулахад, манай улс 1940-1990 онд 40 гаруй хот тосгодыг барьжээ. Хамгийн сүүлд буюу 1980-аад онд Багануур хотыг байгуулах шийдвэр гарч байсан аж. Харин сүүлийн 30 жилд цогц хэмжээний хот төлөвлөлтийг хийгээгүй байсныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *