Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Хөгжлийн Банкинд 2016 онд хийсэн шалгалтын дүнг нийтэд ил болгоно || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хуулийг эргэн хараад шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах нь зөв гэж үзсэн.

Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэгдсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байгаа.

Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байгаа. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна.

Мөн шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан.

Түүнчлэн 2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. 130 хуудас шалгалтын материал байгаа. Тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнд хэвлэж авах боломжтой.

Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *