Categories
мэдээ нийгэм

“Малчдын хүүхдийг 6-8 насанд цахимаар сургах хэрэгтэй” гэв || DNN.mn

Н.Учрал: Малчдын хүүхдийг 6-8 насанд цахимаар сургах хэрэгтэй

Төрийн ордонд өнөөдөр /2022.03.09/ малчдын эрхзүйн байдлын тухай хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал илтгэл тавилаа. Тэрбээр “Хүүхэд зургаан настай сургуульд орж буй нь малчдын дунд тулгамдсан асуудал болоод байгаа. Үүнээс үүдэн гэр бүл салалт бий боллоо гэж ярьж байна. Тиймээс дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж малчдын 6-8 настай хүүхдүүдийг цахимаар сурахыг зөвшөөрөх хэрэгтэй.

Тэгээд цахим боловсролын контентоо сайжруулж амьдралд нийцэх хичээл, сургалт хий. Арван телевизороор самбарын өмнө багш сонирхолгүй юм ярьж зогссоноос үүнийгээ хүүхдэд үзүүштэй, сонирхууштай болгоод малчдын цахим боловсролын контентийг бэлтгэх хэрэгтэй” гэв.

Мөн ган, зудад нэрвэгдэн малгүй болж хот руу нүүсэн иргэд төвлөрлийг бий болгож байна. Иймд малчин өрхийн амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч хот, суурин газрын төвлөрлийг бууруулах шаардлагатай байгааг хэллээ.

120 МЯНГАН МАЛЧИН БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол Улсын нийт 21 аймгийн ДНБ-ийн 40 гаруй хувийг л хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Тэгэхээр үүнийг өсгөх, дэмжих бодлого хэрэгтэй байгаа.

Монгол Улс 60-70 сая малтай хэр нь нийт малчдын 90 орчим хувь нь 1000-аас доош тоо толгой малтай, тав орчим хувь нь л мянгаас дээш малтай байна. Дунджаар нэг малчинд ногдох малын тоо толгой 332.

Бэлчээрийн асуудал тоо толгойтой хамаатай. Тоо толгойг хэт шүтсэн нь сүргийн бүтэц алдагдахад нөлөөлсөн. Үүнээс үүдээд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 65-70 орчим хувь нь бэлчээрийн талхлалтад өртсөн. Малчид өөрийн нутаг дэвсгэрээ талхалж дуусаад дараагийн аймаг руу шилждэг. Энэ байдлаар явах юм бол бэлчээр нутаг бүхэлдээ талхлагдаад дуусна.

Энэ нь цаашлаад малын ашиг шимд сөргөөр нөлөөлж, мал давжаарч байна. Малынхаа тарга, тэвээрэгт байдлыг шинжлэх ухаанчаар дээшлүүлэхэд бодлогын түвшин хангалтгүй байна. Статистик танилцуулахад Монгол Улсын хүн ам 2018 онд 90 сая гаруй үхрийг хоол, хүнсэндээ хэрэглэж байсан бол өнөөдөр 100 сая давчхаад байна.

Монгол Улс нийт малын тоогоор дэлхийд дээгүүр бичигддэг ч зөвхөн үхрийнхээ тоогоор 56 дугаарт орж байгаа. Дэлхийд хамгийн эрэлттэй малын тоогоор ийм байранд орж байгаа нь малын эдийн засгийн эргэлт, тарга тэвээрэгт байдлын чадавх алдаа, оноотой байна гэсэн үг” гэв.

Улсын хэмжээнд 305.4 мянган малчин өрх бий. Нийт малчдын 120 мянга нь банкны зээлтэй байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малаа барьцаалж зээл авахад арилжааны банкнууд тоо толгойгоор нь тооцдог журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *