Categories
гадаад мэдээ

Хятадын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв || DNN.mn

Олон улсын байдал ороо бусгаа болоод буй энэ үед БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И улсынхаа гадаад бодлогын талаар мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.Тэрбээр 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулганы хүрээнд хэвлэлийн цахим бага хурал хийж, гадаадын болон дотоодын сэтгүүлчдэд улс орныхоо гадаад бодлоготой холбоотой асуултуудад хариулт өгсөн юм. Украины хямралыг шийдвэрлэхэд энх тайванчаар нухацтай хандаж, маргааныг тайван замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг Ван И холбогдох талуудад уриалав. Тэрээр “Орос болон Украины энхийн хэлэлцээг ахиулахад Хятад улс ажил хэрэгчээр хандах болно. Хятад улс энх тайвны төлөөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ажил хэрэгчээр хандаж, зуучлал шаардлагатай үед олон улсын хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлсэн байна.Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Украинд хүмүүнлэгийн тусламжийг аль болох хурдан үзүүлэхийг зорьж буйг тэрбээр мэдэгдэв.

Хятад-Оросын харилцаа нь нэг нэгнийхээ асуудалд үл оролцох, үл сөргөлдөх, мөн гуравдагч талыг онилохгүй байх зарчим дээр тогтдог гэж Ван И хэлжээ.Өөрөөр хэлбэл, Хятад-Оросын хоёр талын харилцаа нь гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоо бөгөөд маргаанаас ангид гэсэн үг гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.БНХАУ болон ОХУ нь стратегийн хамтын ажиллагаагаа хэвээр хадгалж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж Ван И хэлжээ.

Тэрээр урьд нь Украины дайнд Хятад улс ОХУ-д туслахгүй гэдгийг “Бид ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болохоос холбоотон биш” гэж албан ёсоор мэдэгдэж байсан юм. Үүнийг өнөөгийн БНХАУ бол Орос шиг нэг удирдагчаас хамааралтай авторитар улс биш гэдгээ олон улсад тунхагласан явдал гэж зарим улс төрийн шинжээчид дүгнэж байсан билээ.Тэрээр мөн саяхан АНУ болон барууны улсуудыг Хятадын “Нэг зам, нэг бүс” хөтөлбөртэй хамтран ажиллахыг уриалаад байгаа билээ. “Хятад-АНУ-ын харилцааг зөв замд оруулах хэрэгтэй” гэж уг хэвлэлийн бага хурлын үеэр Ван И цохон тэмдэглэсэн байна.Их гүрнүүд өрсөлдөж сөргөлдөх нь зөв сонголт биш бөгөөд АНУ амаар ярьснаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.Тэрбээр цааш нь “Даяаршсан, харилцан хамааралтай болсон энэ дэлхий ертөнцөд БНХАУ болон АНУ хэрхэн зөв зам олж, эв найрамдалтай байх вэ гэдэг нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй нэгэн шинэ асуудал бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хоёр тал хамтран боловсруулах ёстой” гэжээ.


ТОВЧХОН

ХХ зууны эхэнд дөнгөж санал өгөх эрхээ олж авсан эмэгтэйчүүд тавин жилийн дараа л улс төрийн талбарт эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэж иржээ. 1960 оны ардчилсан сонгуулиар нам нь ялалт байгуулсан тул Шри Ланкийн Ерөнхий сайдаар сонгогдсон Сиримаво Бандаранаике эрчүүд давамгайлдаг улс төрийн ертөнцөд бүсгүйчүүдэд орон зай бий гэдгийг нотлон гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр удаа улиран ажиллаж байв.Тэгвэл дэлхийн улсуудаас харьцангуй эрт эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Европт үүнээс бараг 20 жилийн дараа буюу 1979 онд Их Британийн Засгийн газрыг Маргарет Тэтчер тэргүүлэх болсон юм. Өнгөрсөн жар гаруй жилийн хугацаанд дэлхийн улс гүрнүүдийн төр, засгийн тамгыг атгаж, Засгийн газрыг тохинуулсан 76 эмэгтэй бий. Тэднээс он удаан жил засгийн эрх барьсан үзүүлэлт болох 16 жил 16 хоног ХБНГУ-ын канцлераар ажилласнаараа Ангела Меркель тэргүүлдэг. Энэтхэгийн төрийн бодлогыг 11 жил тодорхойлсон Индра Ганди, исламын шашинт улсад Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй болох Пакистаны Беназир Бхутто, улс төрийн манлайллын зэрэгцээ гоо үзэсгэлэнгээрээ ч гайхагддаг Украины Юлия Тимошенко, Нобелийн шагналт Аун Сан Су Чи зэрэг улс төрийн тавцанд тод мөрөө үлдээсэн олон бүсгүй бий. Сүүлийн жилүүдэд эмэгтэй удирдагчдын тоо нэмэгдсэн ч эрэгтэй улстөрчдийн 10 хувьд ч хүрэхгүй байна. 2022 он гарсаар дэлхийн 14 улсыг эмэгтэй удирдагчид тэргүүлж байна.

l l l

Олон улсын санхүүгийн үйлчилгээний “Visa”, “Mastercard” компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож байгааг зарлаад билээ.Энэ нь Украины хямралын улмаас өрнөдийн улсуудын ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой шийдвэр ажээ.Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт хэвлэгдсэн төлбөрийн картууд гадаадад ашиглагдах боломжгүй болж байгаа юм. Мөн гадаадад хэвлэгдсэн картуудыг ОХУ-д ашиглах боломжгүй болсон байна. Иймээс Оросын томоохон банкууд болох Сбербанк, Альфа Банк зэрэг хэд хэдэн банк Хятадын “UnionPay” төлбөрийн картын сүлжээ рүү шилжиж байгаагаа зарлажээ.Шанхайд төвтэй UnionPay төлбөрийн систем 2002 онд байгуулагдаж, 2005 онд олон улсын статустай болсон юм. Өнөөдөр тус байгууллага дэлхийн 180 гаруй улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

l l l

Гадаадын иргэдэд зориулсан “Fight for Ukraine(fightforua.org)” сайт гуравдугаар сарын 5-нд нээгдэж, Украинд туслан, байлдах хүсэлтэй иргэдийг бүртгэхээр болжээ.Украины ерөнхийлөгч Зеленский өөрийн илтгэлдээ хамтран тулалдах хүсэлтэй гадны улсын иргэдэд зам нээлттэй гэж мэдэгдсэн билээ.Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Манай орны төлөө тулалдахаар 52 орны 20 мянган хүн хүсэлт ирүүлсэн. Ихэнх нь АНУ, Хятад, Францын иргэд байна. Америкийн 3000 ахмад дайчин ирж байна. Беларусь, Литва, Латви, Эстони, Польшийн иргэд фронтод байлдаж байна” гэж мэдэгджээ.

l l l

АНУ-ын цэргийн штабуудын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли өнгөрсөн долоо хоногт Украины хилийн ойролцоох нууц нисэх онгоцны буудалд очив. Тэрбээр “Энэхүү нисэх онгоцны буудал дээр олон улс Украинд нийлүүлэх зэвсгүүдээ төвлөрүүлж байна” гэж хэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд энд маш шахуу хуваариар буюу нисэх талбайн хамгийн дээд хүчин чадал буюу 17 хүртэлх нислэг үйлдэж байгаа гэнэ.Уг нисэх буудлын байршил нууц хэвээр байгаа бөгөөд Оросын довтолгоо ахихын хэрээр зэвсэг тээвэрлэлтийн энэхүү гол цэгт цохилт өгөх болгоомжлол байгааг албаны хүн мэдээлжээ. Оросын довтолгооноос өмнө АНУ болон бусад улсуудын цэргийн ачаа тээврийн онгоцууд Европ руу нисэлдэж эхэлсэн юм. АНУ-ын армийн Европ дахь командлал Украиныг зохион байгуулалттайгаар дэмжихийн тулд Их Британи зэрэг бусад орнуудтай энэ тал дээр хамтран ажиллаж байна. Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 14 улс Украинд аюулгүй байдлын тусламж илгээсэн бөгөөд тэдний зарим нь түүхэндээ анх удаа ийм их тоног төхөөрөмж илгээж байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна. АНУ-ын хувьд нийт 350 сая ам.долларын үнэтэй аюулгүй байдлын тусламжийн багцыг Украинд хүргүүлэхээр баталсан. Одоогийн байдлаар 240 сая ам.долларын тусламж Украинд хүрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь удахгүй ирэх аж.

l l l

АНУ-ын Конгресс энэ долоо хоногт Украинд 10 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх ерөнхийлөгчийн саналыг батлах төлөвлөгөөтэй байгаа аж.Энэ талаар Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси мэдэгджээ. Тэрбээр “Жо Байдены захиргаа хүмүүнлэг, цэрэг, эдийн засгийн тусламжийг Украинд үзүүлэхэд10 тэрбум ам.доллар хуваарилахыг хүссэн. Конгресс энэ долоо хоногт төрийн нэгдсэн санхүүгийн тухай хууль тогтоомжийн хүрээнд яаралтай санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байна” гэжээ.Үүний өмнө Пентагоны тэргүүн Ллойд Остин Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковтой утсаар ярихдаа Вашингтон Киевт цэргийн тусламж дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлсээр байна хэмээн батлан хэлсэн юм.

l l l

БНСУ Оросын төв банктай гүйлгээ хийхгүй болжээ. Гэхдээ энэ нь ерөнхий чиг бөгөөд яг ямар байдлаар байх вэ гэдгийг яамдаас санал авсны дараа эцэслэн шийдэх юм байна. БНСУ бол олон улсын зүгээс Москвад тавьж буй хоригт нэгдэн тус улсыг “SWIFT” системээс салгахыг дэмжсэн юм.БНСУ энэ сарын 3-нд ОХУ-ын эсрэг тавьсан АНУ-ын хоригоос өөрсдийн үйлдвэрлэгчдээ тусгаарлан хассан талаар урьд нь мэдээлсэн. Үүнийхээ оронд өөрсдөө экспортын хяналт тогтоохоор болсон бөгөөд “Самсунг электроникс” компани ОХУ руу бүтээгдэхүүн гаргахаа түр хугацаанд зогсоосон юм.

BBC.CNN. REUTERS. Xinhua.Russia Today.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *