Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-нд худалдааны бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд Сүхбаатарын талбай дээр жагслаа. Тэд эдийн засгийн хямралтай үед өдрийн зээлийн дарамтад орсон худалдаачид холбоо байгуулсан талаар мэдээлж, амьдралын боломж улам тааруу болж байна гэлээ.
Жагсагчдын нэгэн төлөөлөл эмэгтэй:
“Өр зээлийн асуудал үнэхээр хүндэрч байна. Зээлээс болж амиа хорлосон тохиолдол Монголд олон гарсан. Эрх баригчид үнэхээр хүйтэн сэтгэлтэй. Ядарсан иргэддээ тусалъя гэсэн ямар ч сэтгэл байдаггүй” гэлээ.
Өөр нэгэн эмэгтэй:
“Бидний хөдөлмөрийг үнэлдэг төр засаг байхгүй. Төр засаг хэзээ худалдаачдыг хамгаалдаг, дэмждэг хуультай болох вэ, тэр цагт бид тэмцлээ зогсооно. Өдрийн зээлэнд дарамтлуулсан эмэгтэй худалдаачид маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна” гэлээ.