Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн хоёулангийнх нь лайг үүрдэг || DNN.mn

Энэ бол Уинстон Черчиллийн хэлсэн үг. НҮБын Ерөнхий ассемблейн чуулган энэ сарын 2ны өдрийн хуралдаанаараа Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай тогтоол дээр санал хураалт зохион байгууллаа. Тогтоол нь ОХУын Украинд хийж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан юм. Санал хураалтад НҮБын бүх гишүүн улс оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Тогтоолыг эсэргүүцсэн буюу Оросын эзлэн түрэмгийллийг дэмжиж буй таван улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири. Харин түдгэлзсэн орнууд нь Хятад, Иран, Ирак, Энэтхэг, Казахстан болон Африк тивийн нэлээд улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтсан байлаа. Мөн Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь ардчилсан орнуудын анхаарлыг татахын сацуу гутмаар байдалд оруулчихов.

Манайх ардчилсан орнуудтайгаа адил дайныг эсэргүүцсэн санал өгчих ёстой байсан юм. Түдгэлзсэнээрээ дэлхий нийтэд улсынхаа нэр төрөө гутааж буй хэлбэр. Манай улс дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгочихлоо. “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг” гэж хэлсэн Уинстон Черчиллийн үгийг давтан сануулъя. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг. Дайн дуусна л даа. Харин дараа нь яадаг гээч. “Наад орон чинь дайны үед яалаа даа. Түдгэлзсэн шүү дээ, дайныг эсэргүүцээгүй” гэсэн хандлага олон улсаас ирдэг. Өөдгүй, аймхай, хулчгар, дорой, ядуу байсныхаа гутамшгийг тэгж үүрч эхэлдэг. Ингэж гутаагдаж, хэнд ч тоогддоггүй тосгон болж үлддэг. Бид НҮБын санал асуулга дээр ардчилсан тал, ардчилсан улсуудаа дагах байсан юм. Монголчууд бид дэлхийд юугаараа танигддаг байсан юм бэ? Евразийн энэ өргөн уудам тал нутагт ганцаараа ардчилалтай, ардчиллын баян бүрд гэж цээжээ дэлдэж гайхуулдаг байлаа. Дэлхий нийт Ардчилсан Монгол дээр хараагаа тогтоодог байлаа, саяхан шүү дээ. Тэр ололт, амжилт одоо худлаа болж байгаа юу.

Дэлхийн улс орнууд Монгол Улсыг ардчилсан орон гэж хардаг. Биднийг тэгж хардаг тулдаа хүнд хэцүү цагт тусламж дэмжлэг өгсөөр ирсэн. Зах зээлийн шилжилт, хөдөлгөөний дараахан эдийн засаг нь элгээр хэвтсэн Монголд Орос туслаагүй шүү дээ. Харин Япон тэргүүтэй барууны орнууд тусламж, хандив илгээж биднийг мөрнөөс татаж, хөл дээр нь босгосныг та бүгд санаж байгаа байх. Сүүлийн жишээ гэвэл, ковидын цар тахал дэгдэж ард түмнээ яаралтай вакцинжуулах шаардлага тулгарахад Орос улс бидэнд вакцин өгсөн билүү? Нөгөө л Япон тэргүүтэй барууны орнууд вакцинаар харамгүй дэмжсэн. Тэрний хүчинд өнөөдөр монголчууд цар тахлын ард гарахтайгаа болчихоод байна. Гэтэл бид гадны орнуудын тэр итгэл, сайхан харилцааг НҮБ дээр түдгэлзсэн байр суурь илэрхийлснээрээ гутаагаад хаячихлаа. Манай эрх баригчид Оросын ард түмэнд хайргүй юм байна. Оросын ард түмэнд хайртай байсан бол энэ дайнаас нь салгахын тулд дайны эсрэг санал өгөх байсан. Гэтэл тэгсэнгүй. Манай эрх баригчид Оросын дарангуйлагчдад барьцаалагдчихсан юм байна.

Дайн эхэлснээс хойших энэ хугацаанд Монголын эрх баригчид Оросын дарангуйлагчдад зусардахын дээдээр зусардаж байна шүү дээ. NoWar жагсаалыг төв талбайд зохион байгуулахад яав. Жагсагчдын өөдөөс “Та нар боль, Орос улс уурлаад тогоо таслаад, бензин өгөхөө больчихвол яах юм” гэж хашгиралдсан хэдэн хүнийг босгож, нулимуулж, уриа лоозонг нь булаацалдуулж улмаар жагсаалыг жагсаал биш болгож, хутган үймүүлж цугласан иргэдийг тараачихаж байгаа юм. Энэ бол жагсагчдын эсрэг эрх баригчдын зориуд явуулсан гар, хөлнүүдийн хийсэн жүжиг шүү дээ.

Хэрвээ дайн улам эрчээ авч өргөжвөл бид дольгоносон, дольгоноогүй тэр бензин шатахуун чинь тасарна. Юу гэж л өөрсдийнхөө танк, машин тэрэгт хийх шатахуун, түлшээ бидэнд явуулах юм бэ. Дайнтай байгаа улс эхлээд өөрсдийнхөө машины банкаа дүүргэхээ боддог юм байгаа биз дээ. Тог цахилгаан ч ялгаагүй. Өрсөлдөгч тал нь ганц бөмбөг хаяад л станц нь бүхэлдээ дэлбэрчихнэ. Гэтэл “Оросыг битгий буруутга, дайн хийж буй нь зөв. Ингэж дэмжихгүй бол тог, бензингүй болчихно шүү” гэдэг нь ард түмнийг айлгаж буй эрх баригчдын тактик. Энэ нь манай эрх баригчид өөрсдөө барьцаанд орчихсон, хүлээстэй байгааг шууд харуулж байгаа юм. Тэглээ ч монголчуудын хувьд дэлхий гэдэг гариг дээр Орос гэж л ганц улс байдаг юм биш шүү дээ. Хэзээ бидэнд Орос тусалж байсан юм бэ, ялангуяа сүүлийн 30 жилд. Нөхцөл байдал өөрчлөгдвөл өөр бусад улс орнууд руу бид хандаж болно шүү дээ. Цахилгаан тасарчихлаа тог өгөөч, бензин дуусчихлаа нийлүүлээч гэвэл дэлхийн улс орнууд тусална. Барууны орнууд байна, хаяа залгаа Хятад ч тусалж таарна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулган дээр түдгэлзэж чадсан юм бол одоо хүмүүнлэгийн өчнөөн ажил өрнүүлж Орост тусал л даа. Өвдсөн шаналсан, шархадсан хүмүүсийг нь эмчлэхээс эхлүүлээд яаж тусалж, дэмжмээр байна, тэр бүгдээ хийгээч. Газар хол, тусламж явуулахад бэрх биш дээ. Хил залгаа орныг ч хэлэх үү. Тусалъя гэвэл суваг, боломж нь бэлэн байна. Гэтэл бас тэгэхгүй юм. Хэтэрхий аймхай, хэт харанхуй байгаагаасаа болоод манай эрх баригчид үнэндээ бажгадахаас өөр юмгүй чичирч сууж байна. Тэгсэн атлаа хэдэн жагсагч, тайван жагсаалыг зогсоох гэж хутган үймүүлж лоозон булаацалдсан маягтай, гаднаа Украины далбааг өлгөсөн аж ахуйн нэгжийг “Украины далбаагаа буулга” гэж сүрдүүлсэн төдийхнөөр л өдөр цагийг аргацааж байгаа нь өрөвдөлтэй еэ. Үүнээс манай эрх баригчид үнэхээрийн жижигхэн байгаа нь харагдаж байгаа юм. Жижигхэн эрх баригчидтай учир Монгол Улс НҮБ дээр буруу нүүдэл, буруу алхам хийж гутамшгийг сонгочихлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *