Categories
мэдээ нийгэм

“2019 оноос хойш цахилгаан эрчим хүчний үнийг нэмээгүй” гэв

Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас мэдээлэл гаргалаа.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог бөгөөд цахилгаан эрчим хүчний үнэ тарифт 2019 оны долдугаар сараас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын дулааны эрчим хүчний үнэ тариф 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй, үнэ тариф нэмэгдсэн гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцлов.

Хэвлэлийн бага хурлын мэдээллийг багцлан хүргэж байна.

1.107.2 мянган хэрэглэгчийн 868.5 тербум төгрөгийн төлбөрийг Засгийн газраас хариуцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд буюу нийт 13 сарын туршид хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Төрөөс хариуцсан. Энэхүү төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 738.2 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 369 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор 1,107.2 мянган хэрэглэгч хамрагдаж 868.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ 5-59 ХУВИАР ДООГУУР БАЙНА

Тарифын ангиллаар авч үзвэл,

  • Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212 төг/кВт.ц буюу өртгөөс 5 хувиар,
  • аж ахуйн нэгж, байгууллага 179.0 төг/кВт.ц буюу 25 хувиар,
  • орон сууцны айл өрх 149.0 төг/кВт.ц буюу 50 хувиар,
  • гэр хорооллын айл өрх 141 төг/кВт.ц буюу 59 хувиар тус тус доогуур тарифыг мөрдөж байна.

Эрчим хүчний салбар 2021 онд 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ

Эрчим хүчний салбар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг 12-18 хувиар хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн гурван жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэн. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна.

Эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой мэдээлэл лавлах утасны дугаарууд:

  • Эрчим хүчний зохицуулах хороо – 312313,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК – 70047004,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ТӨХК – 70047005,
  • “ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР” ОНӨААТҮГ – 70005454,
  • “ХУВИЙН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТББ-ын дуудлагын нэгдсэн төв – 70044004
  • “ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ТББ-ын дуудлагын нэгдсэн төв – 7555195

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *