Оросын тэрбумтнууд өрнөдийн эдийн засгийн хоригоос зугтаж, хувийн тансаг хөлгүүдээ Мальдив улсын боомтод шилжүүлэн байрлуулж байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тэнгисийн хөлгүүдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн мэдээллээс харвал одоо Энэтхэгийн далайн арал улс Мальдивын боомтод Оросын тэрбумтнуудын таван хөлөг зангуугаа хаяад байна.
Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын хууль зүйн яам эдийн засгийн хоригт багтсан Оросын иргэдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлсэн юм.
Мальдив улс АНУ-тай гэмт хэргийн сэжигтэн шилжүүлэх гэрээгүй юм байна.
Тиймээс Оросын тэрбумтнууд үнэтэй эд хөрөнгөө ийнхүү тус улс руу шилжүүлж эхэлжээ.
Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн 72 метр урт тэнгисийн хөлөг онгоц Мальдивийн нийслэл Мале хотын боомтод Лхагва гарагт ирж зогссон байна.
Өөр нэг олигархи Владимир Потанины Nirvana нэртэй супер хөлөг онгоц мөн Мальдивийн эрэгт зангуугаа хаяжээ.
Одоо Мальдивийн боомтод зогсож буй хувийн хөлгүүдийн хамгийн том дөрөв нь Оросын тэрбумтнуудынх болохыг Блүүмбэрг мэдээлсэн байна.
Тэдгээрийн дотор гангийн үйлдвэрлэлийн магнат Виктор Рашниковын 140 метр урт “Ocean Victory” байгаа ажээ.
Superyacht News сэтгүүлийн мэдээлснээр өнөөдөр дэлхий даяар ашиглагдаж буй бүх хувийн тансаг хөлгүүдийн 7-10 орчим хувь нь Оросын баячуудын эзэмшилд байдаг гэнэ.
Лхагва гарагт Германы засгийн газар Оросын тэрбумтан Алишер Усмановын хөлгийг хурааж авсан юм. Усманов нь Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсонтой холбогдуулан Европын Холбооноос зарласан эдийн засгийн хоригт багтсан хүмүүсийн нэг ажээ.