“Алтан тариа” компани үйлдвэрийнхээ байран дээрээ Украины далбааг өлгөсөн нь асуудал дагуулаад байгаа.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт иржээ. Энэ дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид очиж тодруулан ажилласан юм.
Ингэхдээ иргэний баримтжуулсан зургаар долоон цагдаа очиж, ажилласан нь зарим талаар шүүмжлүүлж буй. Хувийн ААН олон улсын асуудалд энх тайванч байр суурь илэрхийлэхэд цагдаа ийн сүржин шалгасан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлэх хүмүүс байна.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМОНХТ-ийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн үед газар дээр нь очиж шалгах ёстой байдаг. Өнөөдрийн тухайд дуудлагаар очсон ЦАХ-д туг далбааг буулга гэсэн шаардлага тавиагүй, хувийн өмчид халдсан асуудал гаргаагүй бөгөөд дуудлагыг газар дээр нь шалгаад ГХ, зөрчлийн шинжгүй байсан тул явсан байна” гэж тайлбар өгчээ.