Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн ажилд хариуцлагыг сайжруулж, чанар стандартыг хангуулахаар зам барилгын ажлын гэрээний үүргээ биелүүлээгүй аж, ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцож байна.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд барьж буй 5.5км хатуу хучилттай зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгууль ногдууллаа.
Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барих гэрээг “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу баталгаат засварын хугацаа 3 жил байдаг. Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд ажлаа гүйцэтгэн захиалагчид хүлээлгэж өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхгүй аж. Иймд захиалагч нь тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгөөр засварыг баталгаат хугацаанд нь хийхээр шийджээ.
ЗТХЯ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацаат ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийлгэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн зорчих нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ мэдээлэв.