Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх гарц, төлөвлөгөөнийхөө талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээрт эгнээнд зогссон машин ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй.
Нэгдүгээрт эгнээнд зогссон машиныг ачихаа больвол түгжрэл улам нэмэгдэнэ. Аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй, буурахгүй.
Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг Монгол оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын хот биш.
Түгжрэлийг бууруулахын тулд “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна. ТЭЗҮ-г нь гуравдугаар сард гаргана.
Буруу хүрдтэй жолооны машиныг хязгаарлах эсэх асуудлаар УИХ шийдвэр гаргана. Нийслэлээс саналаа оруулна.
Энэ бол цогц шийдэл, төлөвлөгөөтэй ажил. Зүгээр л босон суугаад шийддэг асуудал. Тооцоо судлагаан дээр суурилж хийх ажил.
Би бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байна. Хүн амын төвлөрлийг зөв зохицуулбал эдийн засаг өөрөө босоод ирнэ. Ийм тогтолцоог бүрдүүлье” гэлээ.