Банк бус санхүүгийн байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ.
Өнгөрсөн онд нийт 534 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт харилцагчдын давхардсан тоогоор өмнөх он мөн үеэс 69.5% өсөж 4.8 саяд хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөж 1.7 сая болсон байна. Энэхүү огцом өсөлтийг аппликэйшн ашиглан бага дүнтэй богино хугацаатай зээл олгодог ББСБ-уудын тоо өссөнтэй холбон тайлбарласан байна.
ББСБ-уудын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр буюу 35% өсөж 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 6.6%-тай тэнцжээ. Активын өсөлтийн
- 97.5 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байгаа бол
- пассивын өсөлтийн 49.6 хувийг өөрийн хөрөнгийн өсөлт, 50.4 хувийг өр төлбөрийн өсөлт бүрдүүлжээ.
Нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 51.6% буюу 685.1 тэрбум төгрөгөөр өсөж 2021 оны жилийн эцсийн байдлаар ₮2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнд 114.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулж, 1.9 их наяд төгрөгийн цэвэр зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.
Нийт зээлийн үлдэгдлийн
- 90.5 хувийг буюу 1,821.9 тэрбум төгрөгийг хэвийн зээл,
- 2.5 хувийг буюу 50.0 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл,
- 7 хувийг буюу 140.2 тэрбум төгрөгийг чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Нийт зээлийн ангиллаас харахад иргэнд олгосон зээлийн 66.6 хувийг хэрэглээнд, үүний 16.9 хувийг автомашинд зориулсан зээл бүрдүүлэв. Хуулийн этгээдэд олгосон зээлийн 7.4 хувийг бизнесийн зээл бүрдүүлж байна.
Хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үеэс 41.5% буюу 165.2 тэрбум төгрөгөөр өсөж 563.3 тэрбум төгрөгт хүрчээ.
2021 оны жилийн эцсийн байдлаар 440 ББСБ 213.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 10 ББСБ үйл ажиллагаа эрхлээгүй, 84 ББСБ 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Өмнөх оны мөн үеэс хамгийн их өөрчлөлт орсон үзүүлэлтийг харвал орлогын хувьд хүүгийн бус орлого 40% буюу 24.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтийн 54.5 хувийг санхүүгийн үйлчилгээний орлогын бусад орлогын өсөлт, 62.4 хувийг үйлчилгээний хураамж шимтгэлийн орлогын өсөлт бүрдүүлж байна.