Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэлээ.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Жуулчин” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир дэвжээний бөх, аймгийн харцага Батсүхийн Энхсайхан нар шалгарлаа.
Тус барилдаанд аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Т.Пүрэвсүрэн, Ё.Эрдэнэжаргал, Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, Ч.Энхмөнх, С.Очирбат, М.Адъяахүү, М.Еркебулан, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ө.Сүхбат, Б.Баатархүү, Б.Мижидсүрэн нарын зэрэг 256 бөх зодоглосон юм.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Г.Ганбаатар, аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар үлдэв.