Өрнөдийн орнуудаас Украины хямралд нэлээд болгоомжтой хандаж байсан Герман улс байр сууриа эрс өөрчиллөө.
Тус улсын засгийн газар танк эсэргүүцэгч зэвсэг 1,000, газар-агаар ангиллын Стингер пуужин харвагч зэвсэг 500 ширхгийг Украинд яаралтай илгээх болсноо Бямба гарагийн орой зарласан байна.
“Украиныг Орос улс эзлэн түрэмгийлсэн нь эргэлтийн цэг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний тогтоосон дэг журам устах аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд Владимир Путиний эзлэн түрэмгийлэгч армиас өөрийгөө хамгаалахад нь Украинд чадах бүхнээрээ туслах бол бидний үүрэг юм” гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ.
Уг мэдэгдлийн өмнөхөн Герман улс өөрийнх нь үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу илгээх хүсэлт гаргасан улсуудад зөвшөөрөл олгож эхэлсэн юм.Тухайлбал Берлиний эрх баригчдын зөвшөөрлөөр Нидерланд улс Германд үйлдвэрлэсэн танк эсэргүүцэх зэвсэг 400 ширхгийг Украинд илгээхээр болжээ.
Эстони улс мөн 9 ширхэг D-30 их бууг Украинд илгээх зөвшөөрлийг Германы засгийн газраас авсан байна.
Герман улс урт хугацааны туршид Украинд байлдааны зэвсэг нийлүүлэхгүй байх хатуу бодлого баримталсаар ирсэн юм. Тухайлбал өмнө нь тус улс Украинд 5,000 ширхэг дуулга малгай илгээх шийдвэр гаргасан нь шүүмжлэлийн бай болж байв.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гаргасан шийдвэрийг нь талархан хүлээж авч буйгаа Германы талд сошиал хуудсаараа илэрхийлжээ.
Дээрхээс гадна Герман улс 14 ширхэг хуягт машин, 10,000 тонн шатахуун нэмж илгээхээр болсныг тус улсын эдийн засгийн яам зарласан байна.
“Орос улсын шившигтэй түрэмгийллээс Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Тиймээс холбооны засгийн газар яаралтай хэрэгцээтэй байгаа материалаар Украинд тусалж байна” гэж Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок, эдийн засгийн сайд Роберт Хабек нар мэдэгджээ.
Өчигдөр бас АНУ-ын засаг захиргаа $350 саяын тусламжийг Украинд үзүүлэх болсноо зарласан юм. Ингэснээр ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Украинд үзүүлсэн нийт зэр зэвсгийн тусламжийн хэмжээ $1 тэрбумд хүрч байна.