Эрүүл мэндийн яамны халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Үүнд иргэдийг хамруулснаар хүлээх үр дүн нь юу вэ?
-Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, элэг бүтэн Монгол, харшлаас сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдрал, эрүүл чийрэг эр хүн, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хавдрын эсрэг гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээ хийгдэнэ.
Ингэснээрээ зүрх судас, чихрийн шижин өвчний хэв шинжийг 50 хүртэлх хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэж хэлж байгаа учир нь бидэнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлага бидэнд байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог нь хорт хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлж өвчнийг архагших ба хүндрэхээс өмнө нь эмчлэх юм. Тухайлбал, хөхний хорт хавдрыг оношлох сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг ашиглан шар будааны хэмжээний жижиг үүсгэврийг маммографийн аппаратаар оношлон эрт илрүүлэх бололцоотой юм. Хавдрыг хэдий чинээ эрт илрүүлнэ эмчилгээ төдий чинээ үр дүнтэй байна гэсэн үг. Хүмүүс ямар нэг оношлогоо шинжилгээнд хамрагдахгүй явсаар хавдартай гэдгээ мэдэхгүй хүндрүүлж эмчилгээ үр дүн өгөхгүй болсноор хавдрын нас баралт өндөр байна. Эрүүл мэндийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, өвчнийг даамжруулахгүй эмчилснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улс орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардал зэргийг бууруулах өндөр ач холбогдолтой. 2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
Ер нь эдийн засгийн хувьд эрт илрүүлэг, шинжилгээнд хамрагдахад дунджаар нэг хүнд 56 мянган төгрөг зарцуулна. Өвдсөн хүний эмчилгээний зардал 11.2-11.3 сая төгрөг зарцуулагддаг. Аль болох эрт илрүүлээд, эмчлэгдэж явбал энэ их зардал мөнгө гарахгүй гэсэн үг.
-Ямар хүмүүс эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдах эрхтэй вэ?
-Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг үзлэг оношлогоонд бүх насныхан хамрагдана. 19-өөс дээш насныханд нийт 23 төрлийн үзлэг оношилгоо, хүүхэд 15 төрлийн үзлэг оношилгоонд тус тус хамрагдана. Эхний удаад хоёр сая гаруй иргэд буюу 70 орчим хувийг хамруулна гэсэн зорилго тавьж байгаа. Энэ зардал ЭМД-ын сангаас гарна. Санхүүжилт эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэнэ.
-Нийт хэдэн төрлийн өвчнийг оношлох вэ?
-Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 тушаалын батлагдсан эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ нь 13 төрлийн үзлэг оношилгоог зөвхөн 19-өөс дээш насныханд хийж байсан бол одоо шинэчилсэн журмаар хүүхэд болон иргэдэд нийтдээ 38 өвчний оношилгоо, шинжилгээ эрт илрүүлэг хийнэ.
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн багцын талаар тодруулбал?
-Одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамрагдах иргэдийг цэцэрлэг, сургуулийн насны 0-19 насны хүүхдүүд буюу 1.1 сая, оюутан, залуус 20-24 насны 54 мянган иргэн, хөдөлмөрийн насны залуучууд болох 25-54 насны нэг сая орчим иргэн, тэтгэврийн насны 55-аас дээш насны иргэд гэх зэргээр дунджилсан байдлаар ангилж гаргасан. Насны ангиллыг дотор нь мөн дахин илүү нарийвчлалтайгаар багцалсан .
-Эрт илрүүлгийн дараалал их байдаг уу, хүмүүс ихэвчлэн шуурхайг нь бодоод хувийн эмнэлгийг зүглэдэг шүү дээ...
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхантай энэ асуудлаар ярилцсан, шинэчилсэн журамд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд ганцхан төрийн байгууллага хийхгүй, хувийн болон төрийн байгууллага хамтран оролцохоор тусгагдсан. Харин дээрх 38 үзлэг, оношилгоо, шинжилгээг хийхэд чадамжтай эмнэлгүүд л байх хэрэгтэй байна. Төрийн болон хувийн эмнэлгээс сонгон шалгаруулна. Ер нь манай улсын эмнэлгүүдийн ихэнх нь бүгд хамрагдах чадамжтай.
Оочер дарааллын хувьд хүлээлт, чирэгдэл үүсгэхгүйн тулд бид цахим систем болох e-mongolia-г хэрэглэх юм. Цахимаар харьяа өрхийн эмнэлгээс танд урилга илгээнэ. Тэгснээр та өөрийн сонгосон, хүссэн газар үзлэгтээ хамрагдах боломжтой.
-Орон нутагт хүртээмжтэй юү. Яг бүх төрлийн эрт илрүүлгийг сумдад хийх үү. Тоног төхөөрөмжийн хүртээмж хэр байна?
-Одоогоор 11 аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулж байна. Цаашдаа бүх аймагт байгуулагдана. 38 төрлийн үзлэг, оношилгоог хийхэд шаардагдах тоног төхөөрөмжүүд бүгд байгаа. Мөн тухайн орон нутгийн өөрийн онцлогоос хамаарна. Тухайлбал, баруун бүсийн тэргүүлэх шалтгаантай өвчлөлийг судалгаанд үндэслэн түүнд чиглэсэн үзлэг оношилгоог зохион байгуулж явуулна. Сумын эрүүл мэндийн байгуулагын үзлэг оношилгоо хийх дээр нь зарим оношилгоог аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийх ба явуулын оношилгооны цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Орон нутгийн өөрийнх нь онцлогийг харж үйл ажиллагаагаа зохион байгуулна.
Ц.УЯНГА