Их Долоогийн бүлгийн улс орнууд мөн Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон явдлыг пүрэв гарагт шуурхай хуралдаан хийж, эрс буруутгасан юм.Их Долоогийн бүлэгт багтдаг АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Япон, Итали, Канадын төр засгийн тэргүүлэгчид нэгдэн цахимаар яаралтай хуралдаж, Украины асуудлаарх байр сууриа илэрхийлэн, цаашдын арга алхмын талаар хэлэлцжээ.
Их Долоогийн бүлгийн улс орнууд Украины хямралтай холбогдуулан цаашид ямар арга хэмжээ авах талаараа хэлэлцжээ. Их Долоогийн бүлэгОХУ-ын талыг олон улсын хууль журмыг ноцтой зөрчин Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эсэргүүцэж, Беларусийн талыг Украин дахь Оросын цэргийн ажиллагааг дэмжиж байгаад шүүмжлэлтэй ханджээ.
Их Долоогийн орнууд Украины талыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэн, Украины дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ. Их Долоогийн улс орнууд цахим уулзалтаараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолсныг ямар ч шалтгаан зөвтгөхгүй гэдгийг тэмдэглэн, үндэслэлгүй болгоомжлол, үндэслэлгүй шалтаг шалтгаанаар энэхүү сөргөлдөөнийг эхлүүлсэнд буруутгажээ.
Их Долоогийн бүлэг ОХУ-ын талд хандан “цус асгаруулсан тэмцлээ” зогсоохыг, мөн Украины нутаг дэвсгэрээс цэргийн хүчнээ гаргахыг шаарджээ.
Түүнчлэн ЕХ-ны Аюулгүй байдлын зөвлөлийн мониторингийн тусгай албаны ажилтнуудын аюулгүй байдлыг ханган, Украин дахь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд саад учруулахгүй байхыг хүссэн байна. Их Долоогийн орнууд Оросын тал Украины нутаг руу халдан довтолсноороо Хельсинкийн хууль эрхийн акт, Парисын аюулгүй байдлын Хартиг зөрчсөнд буруутгаж, цаашлаад Будапештын санамж бичгийг дагаж мөрдөхийг хатуу сануулжээ.