Categories
гадаад мэдээ

ОХУ-ын эсрэг зэвсэг барьж тэмцэхийг Украины ерөнхийлөгч иргэддээ уриалав

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолж эхэлснээс хойш тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский анх удаа иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийжээ.

Тэрбээр эх орноо гадны түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэхийг цэргийн насны бүх иргэддээ уриалж, уриалгыг хүлээж авсан хүн бүхэнд зэвсэг тараахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Украины 40 орчим иргэн алагдаад байгааг Зеленскийн зөвлөх энэ үеэр мэдэгджээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Украины парламент иргэддээ олон нийтийн газар галт зэвсэгтэй явахыг зөвшөөрсөн хуулийг баталсан юм.

Ийм хууль батлагдахаас өмнө Украины иргэдэд гадуур галт зэвсэг биедээ авч явахыг хориглодог байжээ.

Өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Зеленский шархадсан цэргүүдэд цусаа хандивлахыг бас иргэддээ уриалсан юм.

Үүнээс гадна Украин даяар цэргийн дэглэм тогтоож, ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж буйг Зеленский мэдэгджээ.

“Украины хүндэт иргэдээ, өнөөдөр өглөө ерөнхийлөгч Путин байлдааны тусгай ажиллагааг Донбасст эхлүүллээ. Оросын цэрэг манай армийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өгч байна. Украины олон хотод дэлбэрэлт сонсогдож байна. Бид улс орон даяар цэргийн дэглэм тогтоолоо. Минутын өмнө би ерөнхийлөгч Байдентай утсаар ярьсан. Дэлхийн олон орны дэмжлэгийг АНУ нэгтгэж эхэлсэн байна. Өнөөдөр хүн бүр тайван байх хэрэгтэй. Болж өгвөл гэрээсээ битгий гараарай. Бид ажиллаж байна. Зэвсэгт хүчин маань ажиллаж байна. Батлан хамгаалах, аюулаас хамгаалах салбарууд бүхэлдээ ажиллаж байна. Битгий цочирдоорой. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид Украинчууд учраас бүхнийг ялах болно” гэж Зеленский ард түмнээ зоригжуулжээ.

Өнөөдөр Украины зэвсэгт хүчин Оросын таван нисэх онгоц, нэг нисдэг тэргийг устгаснаа мэдэгдсэн юм.

Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам уг мэдэгдлийг няцаасан байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба түрэмгийлэл үйлдэж буй Оросын эрх баригчдын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад уриалжээ. Тухайлбал олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг салгах саналыг тэр тавьсан байна.

Одоо АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд ОХУ-ын эсрэг авах дараагийн ээлжийн хориг арга хэмжээгээ зарлахаар бэлдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *