“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлахаар болжээ. Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан 12:00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.
Сануулахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд “Эрдэнэт медипас” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байдаг.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үед зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд даалгаж байсан юм.
“Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 200-300 ортой, 120 гаруй эмч, ажилчинтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.