Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны хоёрдугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэлээ.
Мөн энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын төлөө хүч чармайлт гарган ажиллахаа нотлов.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны Зүүн Ази дахь гол түншүүдийн нэг болохыг цохон тэмдэглэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээлэв.