Categories
мэдээ нийгэм

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян хүрээгээ тэлсээр байна

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Монгол орон даяар өрнөж байна.

Энэхүү аяны хүрээнд 2022 оны хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06.30-07.30 цагийн хооронд иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсон.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, БТСУХ-ноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян 8 дахь өдрөө улс орон даяар өргөжин тэлж байна.

Улсын хэмжээнд 4 мянга шахам иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, 2 соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдээд байгаа аж. Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс СХД-ийн иргэд хамгийн идэвхтэй оролцож байгаагаас 4-80 насны эрэгтэй, эмэгтэй иргэд хамрагдаад байна.

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аяны хүрээ улам өргөжин хилийн чанад дахь монгол иргэд нэгдэж эхэлжээ. Тухайлбал, Австрали, АНУ, Япон, БНСУ, Чех улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд идэвхтэй оролцох болжээ.

Мөн Цагдаагийн байгууллагын цөөнгүй ажилтан, албан хаагч, “Тэмүүлэл” сургуулийн сурагчид, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид ч нэгдсэн байна.

Хүн амын эрүүл мэндэд тустай, эрүүл дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэхийг ийнхүү нэгдэн ороод байгаа хүмүүс, нийт ард иргэддээ үлгэрлэн уриалсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *