Categories
мэдээ нийгэм

Х.Кобаяши: Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллана

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан ёслолын арга хэмжээ өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд боллоо. Уг арга хэмжээг Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.

Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолт, Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг зочдод толилуулав.

Элчин сайд Х.Кобаяши “Цог Жавхлант Эзэн Хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч хунтайж байхдаа 2007 онд Монгол Улсад айлчилж, манай улсын түүх, соёл, уламжлалт урлаг, үндэсний их баяр наадмыг сонирхон танилцсанд монголчууд бид нэн таатай байдгаа онцлон тэмдэглэж байна.

50 жилийн хугацаанд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон Улс манай чухал гуравдагч хөрш, бүс нутаг дахь найдвартай Стратегийн түнш болж, олон улс, бүс нутгийн тавцанд ч нягт хамтран ажиллаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг идэвхжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, өндөр технологийг нутагшуулах нь ирэх шинэ зууны харилцааны чухал алхам гэж үзэж байна” гэв.

Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг эргэн сөхвөл:

  • 1991-2021 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 336 тэрбум иенийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлж, гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-аас илүү хувийг Япон Улс дангаараа олгосон.
  • Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.
  • 1990 оноос Япон Улс “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 332 сумаас 206-д нь боловсролын салбарын 500 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • Японы буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 2002 онд Нарны зам, 2012 онд Нарны гүүр, 2019 онд Япон, Монголын сургалтын эмнэлэг, 2021 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон.
  • 2015 онд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан.
  • 2021 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2 сая 350 мянган тун Pfizer вакцин нийлүүлсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийт 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгож, вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, ложистик, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, үе, үеийн зарим Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, спорт, байгаль орчин аялал жуулчлал, батлан хамгаалах, онцгой байдлын байгууллагын төлөөлөл, ОХУ, АНУ, БНСУ, БНЭУ, Казахстан зэрэг улсын Элчин сайд нар, дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны арга хэмжээний үеийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, хүрэлцэн ирсэн зочдод өнөөг хүртэлх хоёр орны ард түмний харилцаа холбоог эргэн дурсах боломжийг олгосон байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *